Чөлөөт бөхийн Бүх Японы сонгон шалгаруулах тэмцээн буюу “Мэйжийн цом” энэ сарын 16-18-нд Токио хотын “Yoyogi” үндэсний спортын ордонд болж, Парисыг зорих баг тамирчдаа сонгов.
Наран улсын эрэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүнд ДАШТ-ий мөнгөн медальт Сосүкэ Такатани, 2017 оны Азийн аварга Юүки Такахаши тэргүүтэй бөхчүүд Францын нийслэлийг зорихоор боллоо. Харин “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт Рей Хегүчи энэ удаагийн ДАШТ-ийг өнжихөөр боллоо. Тэрбээр Бүх Японы аваргын шигшээ барилдаанд 2011 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Рина Накамүрад 5:14-өөр ялагдав. Эмэгтэй бөхчүүдийн нэлээд ширүүн өрсөлдөөн дүнд боллоо.
Эмэгтэй чөлөөт бөхийн домог Каори Ичо, Саори Ёшида, хөнгөн жингийн шилдэг бөх Эри Тосака нарын үлдээсэн орон зайг нөхөх хангалттай нөөцтэй улс гэдгийг хүч түрэн гарч ирж буй залуусын барилдаан харуулав. Домогт Саори Ёшидагийн 10 гаруй жил өмчилсөн 55 кг-ын жинд өсвөр үеийн дэлхийн болон Азийн аварга 18 настай охин Харүна Окүна Парисыг зорих тийзээ авчээ. Тэрбээр зүгээр ч нэг эрхээ авсангүй 2017 он гараад Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Шинэ Делигийн Азийн АШТ-д түрүүлж, "давхар цохилт" хийгээд буй Саэ Нано, 2014 оны Ташкентийн дэлхийн аварга Чихо Хамада нарын шилдгүүдийг ялж, томчуудын дэлхийн аваргад хүч үзэхээр болжээ.
Японы багт хамгийн хөнгөн жинд өсвөр үеийн дэлхийн гурван удаагийн аварга 17 настай “гоц авьяастан” Юү Сүсаки ирэх намар томчуудтай хүч үзнэ. Тэрбээр 2017 он гарснаас насанд хүрэгчдийн ангилалд Азийн АШТ, Иван Ярыгины “Алтан Гранпри”, “Клиппан Опен” ОУТ-д нэг амьсгаагаар түрүүлээд байгаа юм.