Их Британийн нийслэл Лондон хотод өнгөрсөн бямба гарагт болсон цуврал террорист халдлагын хариуцлагыг лалын босогчдын “Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээлээ. Террорист халдлагыг үйлдсэн гэдгээ “Лалын улс” бүлэглэл өөрийн суртал нэвтрүүлгийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Өнгөрсөн бямба гарагийн 22:08 цагийн үед Лондоны гүүрэн дээр тээврийн хэрэгсэлтэй этгээдүүд явган зорчигчдыг дайрч мөргөөд, дараа нь “Borough Market” худалдааны төвөөс холгүй орших газарт болон тус төвийн хажуугийн ресторануудад хүмүүсийг хутгалан шархдуулсан юм.
Их Британийн холбогдох албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, энэ цувралын халдлагын улмаас 7 хүн амь үрэгдэж, 48 хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа юм.