Өнгөрсөн бямба гарагийн орой Их Британийн нийслэл Лондон хотод халдлага гарч, 7 хүн амь үрэгдэж, 48 хүн эмнэлэгт хүргэгдээд байна. Энэхүү террорист халдлагуудтай холбогдуулан 12 хүнийг баривчлан саатуулаад байна гэж тус улсын цагдаа нар мэдэгдлээ.
Бямба гарагийн 22:00 цагийн үед Лондоны гүүрэн дээр тээврийн хэрэгсэлтэй этгээдүүд явган зорчигчдыг дайрч мөргөөд, дараа нь “Borough Market” худалдааны төвөөс холгүй орших газарт болон тус төвийн хажуугийн ресторануудад хүмүүсийг хутгалан шархдуулсан байна.
Цагдаа нар гурван гэмт этгээдийг буудан устгасан бөгөөд гэмт этгээдүүдийг хэн болохыг нь олж тогтоохоор ажиллаж байна.
Энэ цуврал террорист халдлагатай холбогдуулан Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй “Сэжигтнүүд лалын хэт давруу үзлийн нөлөөнд автсан байсан. Их Британид гурван сарын дотор гурван удаа террорист халдлага боллоо. Хангалттай гэхэд дэндүү хангалттай” гэжээ. Их Британид энэ долоо хоногийн пүрэв гарагт парламентын сонгууль болох бөгөөд Консерватив нам болон сөрөг хүчний Хөдөлмөрийн нам террорист халдлагатай холбоотойгоор сонгуулийн сурталчилгаагаа түр зогсоосон байна.
Сэтгэгдэл (1)