“Vision-2014” хөтөлбөрийн хүрээнд 2014 оны Азийн наадмыг зохион байгуулсан БНСУ-ын Инчёон хотын дарга Юү Жон Буг манай улсад хүрэлцэн иржээ. МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар өнөөдөр ноён Юү Жон Буг хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцов. Энэ үеэр “Vision-2014” хөтөлбөрт Монголын тамирчин, дасгалжуулагчдыг хамруулах талаарх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Сонирхуулахад, “Vision-2014” хөтөлбөр нь Азийн орнуудын спортыг ижил түвшинд хөгжүүлэх зорилготой бөгөөд Инчёон хотоос хамтарсан бэлтгэл хийх, тэмцээн уралдаанд оролцох, тоног төхөөрөмжийн бүх зардлыг даадаг юм. Өмнөх жилүүдэд Монголын байт харваа, хүндийн өргөлт, дугуйн шигшээ багийн тамирчид тус хөтөлбөрт хамрагдаж амжилтаа ахиулж байсан. Тэгвэл энэ жил спортын мастер Б.Нямбаяр, Ө.Батзул, М.Лхагвагэрэл, Б.Отгонбаяр тэргүүтэй чөлөөт бөхийн зургаан тамирчин, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзоригийн хамт энэхүү хөтөлбөрт хамрагдахаар болсон юм. Манай тамирчид ирэх намар Инчёон хотыг зорино.