Энэ сарын 26-наас 28-ны өдрүүдэд Хонгконгт жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Шар тивийн 28 орны 244 жүдоч өрсөлдөх уг тэмцээнд манай улсаас Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, дэлхийн аваргын алтан медальт М.Уранцэцэг тэргүүтэй бөхчүүд эх орноо төлөөлөн барилдаж байгаа аж.
Өнөөдөр эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын барилдаан болж байна. Эмэгтэйчүүдийн 48 кг-д аваргын алтан медалийн төлөө Олимпийн хүрэл медальт, Казахстаны Г.Отгонцэцэг, дэлхийн аваргын алтан медальт М.Уранцэцэг нар тунан үлдсэн. Энэ хоёр бөх өмнөх тивийн аваргын шигшээд шалгарч, Г.Отгонцэцэг ялж байсан билээ.
Харин өнөөдөр тун тэнцүү барилдаан үзүүлж, нэмэлт цагт дэлхийн аваргын алтан медальт М.Уранцэцэг торгуулиар хожсон. Энэ жинд дэлхийн чансааг Казахстаны Г.Отгонцэцэг тэргүүлж, Японы К.Андо хоёрт, Монголын М.Уранцэцэг гуравт бичигдээд байсан юм.