Монголын үндэсний бөхийн Ээлжит бус Их Эе 2017.05.28-нд Улаанбаатар хотноо гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу хуралдана гэж Монголын үндэсний бөхийн ээлжит бус Их эеийг зохион байгуулах Ажлын хэсэг мэдэгдлээ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 онд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулсан. Хурлаар Үндэсний бөхийн “Их эе” хурлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хуралдуулахаар шийдвэрлэсэн ч МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж хуралдуулах хууль зүйн үндэслэлгүй гэдэг мэдэгдэл гарган хойшлуулсан.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 онд гаргасан шийдвэрээр хуралдсан цэцдийн зөвлөлийн хурал хууль бус болохыг шалгуулахаар МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж 2016 оны наймдугаар сард Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байдаг. Гэвч түүний гомдлыг тус дүүргийн прокурорын газрын 2017 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн тогтоолоор хэрэгсэхгүй болгожээ. Иймд “Их эе” хурлыг хуралдуулах хууль зүйн орчин нөхцөл бүрдсэн болохыг МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн гишүүн, “Их эе” хурлын зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ү.Хүрэлбаатар хэлж байна.
ҮБХ-ны цэцдийн зөвлөл холбооны тэргүүнийг сонгох ёстой аж. Гэтэл М.Нямдорж хууль бусаар тэргүүн хэмээн өөрийгөө тодорхойлж 26 жилийн турш ажиллаж ирсэн гэдгийг тэрбээр хэлж байв. Иймд энэ удаагийн “Их эе” хурлаар МҮБХ-ны тэргүүнийг сонгоно гэдгийг мэдэгдлээ. Ээлжит бус “Их эе”-д төлөөлөгчөөр сонгогдсон бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, бөх судлаач, аймгийн бөхийн холбоон төлөөлөгчдийг хуралд идэвхитэй оролцохыг уриалав.
Мэдэгдлийг бүрэн эхээр хүргэж байна.
МЭДЭГДЭЛ
НЭГ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014.06.24-ний өдөр МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулж Монголын үндэсний бөхийн ээлжит бус Их эеийг зохион байгуулан хуралдуулах Ажлын хэсгийг албан ёсоор байгуулсан билээ. Тиймээс ээлжит бус Их Эеийг зарлан хуралдуулах эрх үүрэг бүхий Ажлын хэсэг бүрэн эрхийн хүрээнд шүүхийн гурван шатны шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Монголын үндэсний бөхийн ээлжит бус Их Эеийг зарлан хуралдуулж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.
ХОЁР. Р. Нямдорж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан хуралдуулсан Монголын үндэсний бөхийн Цэцдийн зөвлөлийн хурлыг хүчингүй болгуулахаар шалгуулж буй мэтээр мэдэгдэл хийсэн нь бусдыг төөрөгдүүлэх зорилгыг агуулсан төдий зүйл юм. Учир нь Р. Нямдоржийн гомдлыг Сүхбаатар дүүрийн прокурорын газрын 2017.04.10-ны өдөр 387 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон бөгөөд энэ тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас 2017.05.17-ны өдрийн 08/1783 тоот албан бичгийг ирүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шалтгаан арилсан байх тул холбогдох шийдвэр, гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг холбогдох байгууллагад болон Ажлын хэсэгт чиглэл өгсөн болно. Тиймээс Р. Нямдоржийн мэдэгдэл нэгэнт шийдвэрлэгдсэн зүйлийг будилаантуулж мэдэн будилсан хууль бус оролдлого юм.
ГУРАВ. МҮБХ-ны нэр барьсан Мэдэгдэл гэгчид Ээлжит бус Их Эеийг зохион байгуулах Ажлын хэсгийн дарга Ү. Хүрэлбаатарыг МҮБХ-ны тэргүүлэгчээс хөөгдсөн мэтээр түүний нэр хүндэд халдахыг оролдсон нь Ээлжит бус Их Эеийг будилаантуулж, бусдын анхаарлыг өөр тийш нь чиглүүлэхийг оролдсон ёс зүйгүй бусармаг үйлдэл болсон байна.
ДӨРӨВ. Монголын үндэсний бөхийн ээлжит бус Их Эеэр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн болон Цэцдийн зөвлөлийг сонгоно. Тиймээс ээлжит бус Их Эед төлөөлөгчөөр сонгогдсон бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, засуул цэц, бөх судлаачид, аймгийн бөхийн холбооны төлөөлөгчдийг хуралдаа хүрэлцэх ирэхийг урьж байна. Уг хурлыг тасалдуулах зорилгоор МҮБХ-ны нэр барьж мэдэгдэл хийж буй хууль бус үйлдэлд автахгүй байхыг Ажлын хэсэг уриалж байна.