МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайханы “Ундраагийн Баярсайхан” цомог уншигч, сонсогчдын сонорт хүрэхэд бэлэн боллоо. Уг цомогт орсон дууг Монгол Улсын гавьяат жүжигчин “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар, Х.Болормаа, “Харанга” хамтлагийн ахлагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат, поп дива С.Наран, дуучин Н.Баасандорж, Д.Намсрайноров, Э.Төрмандах нар дуулж, өөрийн болгожээ.
Мөн МҮОНРТ-ийн нэрт нэвтрүүлэгчид болох Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Бямбацогт, нэвтрүүлэгч Б.Ганбаатар, Н.Баярмаа, Б.Гантигмаа, Б.Цэвэлмаа, Г.Алтанбагана, Ч.Идэрчулуун нар түүний шүлгийг уншсан юм. Нийт есөн дуу, есөн шүлэгтэй уг цомгийг “Био Ундарга”, “Хүчит Чулуут”, “Алтай констракшн” ХХК-ийн хамт олон ивээн тэтгэжээ.
У.Баярсайхан 2009 онд “Их л холын амраг” нэртэй бие даасан тоглолтоо Монгол бөхийн өргөөнд зохион байгуулж, “Хүү нь тандаа” нийтийн дууны цомгоо сонсогчдын хүртээл болгосон бол дараа жил нь “Бөгтөр сарны гэгээ” яруу найргийн ном хэвлүүлсэн юм. Харин 2014 онд “Танихгүй танил” шигшмэл ярилцлагын ном, өнгөрсөн намар “Хамгийн түрүүнд бодолдоо дурлана” яруу найргийн ном хэвлүүлж байв.