Хоёр Солонгосын хил дээр өнөөдөр орон нутгийн цагаар 16:00 цагийн орчимд буун дуу гарчээ.
Тодруулбал Өмнөд Солонгосын цэргийнхэн "БНАСАУ-ын зүгээс нисч ирсэн байж болох үл мэдэгдэх биет Канвондо мужийн нутагт унасан. Тус биетийн юу болохыг тодруулахаар судалж байна" гэж мэдэгджээ. Энэ талаар “Yonhap” агентлаг уламжлав. Үл мэдэгдэх биет орон нутгийн цагаар 16:00 цагийн орчимд нисч ирэхэд Өмнөд Солонгосын цэргийнхэн К-3 пулемётоор анхааруулан буудсан байна.
Цэргийн командлалын төлөөлөгч “Манай цэргийнхэн 16:00 цагийн орчимд түгшүүр зарлаж үл мэдэгдэх биетийг Канвондо аймгийн нутагт унасныг илрүүлсэн. Нөхцөл байдалтай холбогдуулан бид урьдчилан анхааруулж буудсан” гэж мэдэгджээ. БНАСАУ-ын нутаг дэвсгэрээс хөөргөсөн байж болох энэ объект нь нисгэгчгүй аппарат мөн эсэхийг Өмнөд Солонгосын цэргийн мэргэжилтнүүд тогтоохоор ажиллаж буй юм байна.
Эх сурвалж: medee.mn