АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш анх удаа гадаадад айлчлахаар Саудын Арави улсад хүрэлцэн ирлээ. Тэрбээр найм хоногийн хугацаанд Израиль, Палестины өөртөө засах улс, Бельги, Ватиканд айлчлал хийгээд дараа нь Италийн Сицили аралд болох “Их-7”-гийн Дээд хэмжээний уулзалтад оролцох юм.
Ингэснээр Д.Трамп ислам, иуд, христийн гэсэн гурван шашны гол төвүүдэд зочилж байна. Түүний энэ цуврал айлчлал нь Холбооны мөрдөх товчооны захирал Ж.Коми-г ажлаас нь халсны дараа дуулиан шуугиан дэгдэж буй үед болж байгаа юм. Д.Трампын сонгуулийн штаб Оросын эрх баригчидтай холбоо сүлбээ тогтоож, хуйвалдаж байсан эсэхийг Ж.Коми шалгаж байжээ. Энэ хэргийг шалгахаар АНУ-ын Хууль зүйн яам тусгай прокурорыг томилох шийдвэр гаргасан явдлыг Д.Трамп шүүмжилсэн билээ.
Саудын Аравид хийх айлчлалынхаа үеэр Д.Трамп тус улсын нийслэл Эр-Рияд хотод болж буй Арабын ертөнцийн исламын дээд хэмжээний уулзалтад оролцож буй лалын шашинт 40 улсын төрийн тэргүүн нарын өмнө үг хэлэх юм. Аюулгүй байдлын үүднээс мусульман шашинт долоон орны иргэдийг АНУ-д нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан Д.Трамп хатуу шүүмжлэлд өртсөөр байгаа билээ. Эр-Риядын уулзалтын явцад лалын хэт давруу үзэлтэй тэмцэх болон бүс нутагт Ираны нөлөө өсөн нэмэгдэж байгааг хэлэлцэх бололтой. Д.Трамп бол Ираны цөмийн хөтөлбөрийг эрс буруушаадаг хүн юм. Өмнөх Ерөнхийлөгч Б.Обамагаас ялгаатай нь гэвэл тэрбээр энэ удаад Саудын Аравид байх үеэрээ хүний эрхийн асуудлыг хөндөхгүй бололтой.
Эр-Риядад болох албан ёсны арга хэмжээнээс гадна Трампын айлчлалын үеэр Америкийн кантри хөгжмийн од Тоби Кит үнэгүй концерт тоглох аж. Т.Кит-ийн хувьд согтууруулах ундааны сэдэвтэй дуу дуулдаг, гэтэл Саудын Аравид архи хэрэглэхийг бүрмөсөн хориглосон байдаг. Концерт үзэх хүмүүс 21-ээс дээш настай, үндэсний хувцсаа өмссөн байх ёстой аж.
Х.Сарнай