Монголын Оскар буюу “Cinema Awards” ёслолын үйл ажиллагаа өнөөдөр "Корпорейт Конвеншн Центр"-т болно. Уг наадамд 2016 онд үзэгчдийн хүртээл болсон 12 кино 14 номинацид өрсөлдөх юм байна.
Кино наадамд 2016 онд бүтээгдсэн 46 киноноос шилдэг 25 киног нь олон нийтийн санал асуулгаар шалгаруулж тэдгээр 25 киноноос кино урлагийн зөвлөлийн шүүгчдийн саналаар 12 кино шилдэг уран бүтээлд шалгарч үлдээд байгаа аж.
Тодруулбал, “Өртөө”, “Бүү март”, “Ээж” УСК, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Итгэл”, “Үргээлэг-2”, “Шүүдэр дундуур”, “Аз жаргал”, “Цагаан хадаг”, “Lovers”, “Өвлийн тууж”, “6 дахь хүсэл” зэрэг кино багтжээ. Мөн Шилдэг эрэгтэй туслах дүр, Шилдэг нүүр будалт, Шилдэг дууны найруулагч, Шилдэг зохиол, Шилдэг эмэгтэй туслах дүр, Шилдэг зураач, Шилдэг хөгжмийн зохиолч, Шилдэг хувцас дизайн, Шилдэг найруулагч, Шилдэг зураглаач, Залуу үед үлгэр дууриал болсон бүтээл, Шилдэг эмэгтэй гол дүр, Шилдэг эрэгтэй гол дүр, Шилдгийн шилдэг уран бүтээл зэрэг 14 номинацид 60 гаруй уран бүтээлч өрсөлдөх юм байна.
“Cinema Awards” ёслолын үйл ажиллагааг “Өргөө” кино театр, Монголын кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа аж. Ёслолын арга хэмжээний улаан хивсний ёслол 16:30 цагт эхлэж, шагнал гардуулах ёслол 18:00 цагт болох юм байна.