Насан өндөр болсны учир эзэн хааны суудлаа угсаа залгамжлах ханхүү Нарүхитод шилжүүлэн өгөх хүсэлтээ Япон улсын эзэн хаан Акихито Засгийн газартаа өгсөн байна. Уг хуулийн төслийг Японы засгийн газар өнөөдөр парламентад өргөн барьсан байна.
Одоо мөрдөж буй хуулиар амьд сэрүүн байгаа эзэн хаан өөрийн суудлыг шилжүүлэн өгөхийг хориглодог аж. Харин өдгөө 83 настай эзэн хаан Акихито өнгөрсөн оны 8 дугаар сард хэлсэн үгэндээ, өөрийнх нь эрүүл мэндийн байдал муудаж байгааг дурдаад, эрх мэдлээ том хүүдээ шилжүүлэн өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байжээ.
Энэ нь 200 жилийн хугацаанд эзэн хаан анх удаа ийм шийдвэр гаргасан тохиолдол боллоо. 2018 оны сүүлчээр эзэн хаан Акихито хаан ширээгээ шилжүүлэн өгч магадгүй гэж Японы хэвлэлүүдэд мэдээлсэн байгаа юм.