Тавдугаар сарын 10-14-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болсон насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Азийн бөхийн холбоо (AAWС)-ны чуулган болж, Казахстаны иргэн Даулет Турлыханов ерөнхийлөгчөөр сонгогдсоныг өмнө мэдээлсэн. Энэ үеэр 14 орны төлөөлөгч нэр дэвшсэнээс Даулет Турлыхановоос гадна хамгийн олон хүний санал авсан Японы Хироаки Цүкамото, Ираны Хамид Банитамин, БНСУ-ын Ли Кеннет, Тайландын Киттипош Сучантабутр, Энэтхэгийн Брижбушан Сингх, БНХАУ-ын Зан Вэ нарын долоон орны төлөөлөгчид Азийн бөхийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Шинэ гүйцэтгэх зөвлөлийнхөн хурлаа хийж, Казахстан улсын парламентийн гишүүн, спорт агентлагын дарга, спортын сайдаар ажиллаж явсан сонгомол бөхийн нэрт бөх Турлыхановыг ерөнхийлөгчөөр, дэд ерөнхийлөгчөөр Японы Хироаки Цүкамотог сонгов. Чуулганы үеэр олон асуудлыг хэлэлцсэн бөгөөд ирэх жил буюу 2018 онд 23 хүртэлх насны анхны Азийн АШТ-ийг манай улс зохион байгуулах хүсэлтээ буйгаа Монголын чөлөөт бөхийн холбоо AAWC-д илэрхийлжээ.