“Мандалын говиос ирлээ, би”, “Шөнийн талд адуу янцгаана”, “Тэмээний мөр”, “Тэмээний уралдаан”, “Аргалын уул”, “Самаркандын шөнө”, “Аав дайн хоёр”, “Монгол хүн уурган дээгүүр алхдаггүй”, “Талын шувуудын өндгөнд сүүдрээ бүү хүргээрэй”... шүлгийг нэрлээд эхлэхээр хэний тухай ярих гэж байгаа минь тодорхой. Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Нямаагийн “Тэнгэрийн хаяа” дахин хэвлэгджээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Таныг “Тэнгэрийн хаяа”-гаа дахин хэвлүүлсэн гэж сонслоо. Баяр хүргэе.
-За баярлалаа. Утга зохиол, яруу найрагт элэгтэй, хайртай хэсэг залуус миний яруу найраг, дурсамж нийтлэлийн номыг нэг боть болгоод хэвлүүлж өгье гэсэн юм. “Зохист дорно” хэвлэлийн газрын хүүхдүүд. Би тийм сайхан санаачилгыг дэмжихээс аргагүй. Тэгээд л та бүхэнтэй номын хуудсан дээр дахин уулзахаар шийдлээ.
-“Монголын уран зохиолын дээжис”-т таны хэдэн шүлэг багтсан байдаг вэ?
-Миний шүлгүүд “Монголын уран зохиолын дээжис”-ийн нэгдүгээр хэвлэлийн 52 дугаар ботид, хоёрдугаар хэвлэлийн 64 дүгээр ботид тус тус хэвлэгдсэн. 20 гаруй шүлэг орсон байдаг юм. Тэдгээр шүлэг, “Тэнгэрийн хаяа”-д багтсан дурсамж нийтлэлүүд бүрэн эхээрээ энэ номд орсон. 1958 онд анхны шүлгээ хэвлүүлснээс хойш төв, орон нутаг, гадаад, дотоодын сонин хэвлэлд зохиол бүтээлээс маань нийтлэгдэж уншигч олны хүртээл болсоор иржээ.
-Тэгэхээр танд Төрийн шагнал хүртээсэн хоёр бүтээлийг багтаасан “Тэнгэрийн хаяа” танд болоод номд хайртай хүмүүст хүрэх нь ээ.
-“Шөнийн талд адуу янцгаана” шүлгийг би 1967 онд бичсэн. Тэгэхдээ мундаг шүлэг бичлээ гэж бодоогүй. Дөчин хэдэн жил өнгөрсөн ч энэ шүлгийг цаг ямагт миний бүтээлийн оргилд тавьж ирсэн. Би "Тэнгэрийн хаяа", "Шөнийн талд адуу янцгаана" түүврээрээ Төрийн шагнал хүртсэн юм шүү дээ. Энэ дашрамд, та бүхэнтэйгээ номын хуудсаар дахин уулзах боломж олгосон “Зохист дорно” хэвлэлийн газрын хүүхдүүдээ талархал илэрхийлье.
-Таны “Тэмээний дэргэд” дууг залуу дуучин дуулж, дүрсжүүлсэн байна билээ. Та үзсэн үү?
-Үзэлгүй яахав. Сайхан дуулсан байна билээ. “Хөөрхөн хүүхэн болж уу, би”, “Цэцэгт цэнхэр алчуур”, “Өлзийтөөс би нүүхгүй”, өөрийн чинь хэлсэн “Тэмээний дэргэд” гээд хэдэн дууны шүлэг бичсэн. Дуу болсны хүчинд шүлэг минь олон жил ард түмний дунд оршиж байна гэж боддог.