Удирдагч Ким Жөн Уны амь насыг бүрэлгэхийн тулд манай улс руу АНУ болон Өмнөд Солонгосын тагнуулын агентлагууд террорист бүлэглэл илгээсэн гэж Умард Солонгосын хэвлэл мэдээлэл мэдэгдлээ. Энэ талаар Умард Солонгосын Төрийн аюулгүй байдлын яам баасан гарагт телевизээр ийм мэдэгдэл хийсэн байна.
Уг мэдэгдэлд дурдсанаар, АНУ-ын Тагнуулын төв газар болон Өмнөд Солонгосын Тагнуулын ерөнхий газар Кимийг био-химийн зэвсгээр устгуулахын тулд Орост ажилладаг Умард Солонгосын иргэн Ким овогтод хахууль өгчээ.
Мөн уг мэдэгдэлд “Удирдагчийг хөнөөх зорилгоор террористууд манай улсад нэвтэрснийг олж илрүүлсэн. Хуйвалдааныг таслан зогсоосон. АНУ болон Өмнөд Солонгосын хуйвалдаан зохион байгуулагч байгууллагуудыг газрын хөрснөөс арчин хаяхын тулд терроризмтой тэмцэх ажиллагааг манай улс одоо явуулж эхлэх гэж байна” гэжээ.
Ким Жөн Уныг хөнөөлгөхөөр хүн илгээсэн гэх энэ мэдээлэл үнэн эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ терроризмыг ивээн тэтгэгч улсуудын жагсаалтад Умард Солонгосыг эргэн оруулахыг АНУ-ын хууль тогтоогчид уриалж байгааг зогсоох зорилгоор Пхеньян ийм мэдэгдэл хийсэн байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
Сэтгэгдэл (4)