АНУ-ын армийн зурагчин бүсгүй өөрөө болон түүнтэй хамт байсан 4 цэрэг дэлбэрэлтэнд өртөн амь насаа алдаж буй агшныг гэрэл зургийн хальснаа буулгасныг Америкийн зэвсэгт хүчний удирдлага олон нийтэд дэлгэсэн байна.
Энэ эмгэнэлт явдал Афганистаны зүүн нутгийн Лагхман мужид 2013 оны 7 дугаар сарын 2-ны өдөр болжээ. Сургуулилт хийж байх үеэр тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас 22 настай Хилда Клейтон болон Афганистаны армийн дөрвөн цэрэг амь үрэгдсэн байна.
"Military Review" сэтгүүлд гэрэл зургуудыг нийтлэхдээ “Клейтон амиа алдсан нь эмэгтэй цэргүүд эрэгтэй цэргүүдийн нэгэн адил аюултай нөхцөл байдалд ажиллаж байгааг харууллаа” хэмээн тайлбар бичсэн байна.
АНУ-ын Жоржиа муж улсад төрсөн, дүрст мэдээний мэргэжилтэн энэ залуухан бүсгүйн дурсгалыг хүндэтгэн АНУ-ын Батлан хамгаалах яам түүний нэрэмжит гэрэл зургийн шагналыг бий болгожээ.