Сонгино хайрхан уулын оргил 1663 метр өндөр. Уг хайрхан нь арслан савдагтай байсан учир Арсланхайрхан хэмээн нэрлэдэг байсан байна. Чингис хаан нэгэнтээ 8 өрлөг, 13 баатрын хамт өнөөгийн Улаанбаатар хот орших газар буюу үзэсгэлэнт сайхан Алтан тэвшийн хөндийд саатан тухалсан аж. Чингээд Арслан хайрханы бэлээр явж байтал арслан хүрхрэх мэт дуу гарч, хад асга нурав гэнэ. Харин нэг сонгино өнхрөн өнхөрсөөр хааны өлмийд тулж тогтсон тул ихэд бэлгэшээн Сонгино уул хэмээн нэрлэсэн домогтой. Галт хар үнэг нутаглах тул цасгүйхар өвөлждөг гэх Сонгино хайрханы өврөөс сумны дуут товруу, зэв, бүсний алтан чимэг зэрэг олдсоныг эрдэмтэд Чингис хаан, Жамуха нартай холбоотой гэж үзсэн бөгөөд Сонгино хайрханы Дадарт ууланд Жамухаг цус гаргалгүй нөгчөөсөн гэж судлаачид баталсан ба тэндээс олдсон алтан бүсийг ч ГҮр хааных гэж таамаглажээ. Сонгино хайрханы нутагт Хэрэйд ханлиг оршиж байсан ба Сонгины буланд 1949 онд Хэрэйдийн ван хан Тоорилын өргөөний туурийг олсон байна. Тус өргөөнд Тэмүүжин эхнэр хүүхдээ мэргэдүүдээс чөлөөлөхөд туслахыг хүсэж, хар булган дахаа Тоорил ханд өргөж байв. Хэрэйд улс мөхсөний дараа тус өргөөнд Чингис хаан хэсэг сууж байгаад Есүй, Хулан хатдын байнгын харш болон хувирсан байна. Уг тууриас 1949, 1966, 2006 оны малтлагуудаар олон сонирхолтой олдвор илэрч байжээ. Тус дүүргийн сүлд нь Сонгино ч биш, Арслан ч биш Өвгөн байдаг нь Түвдээс залагдан ирсэн их ламтан Агваанпэрэнлэйжамц Сонгино хайрхан уулын тахилгын судар зохиох үүрэг хүлээгээд улмаар уулыг ихэд шинжжээ. Чингээд "Энэ өндөр хар уул их догшин юм байна. Учир нь энэ уулын эзэн нь хөх үхэр хөлөглөсөн, араа соёо нь зөрсөн, архи нанчид зооглох дуртай, цэргийн эрдэм ихтэй, айхавтар хөх өвгөн ажээ" хэмээн айлдаж. Тэрхүү эзэн савдаг нь 1998 онд зохиогдсон дүүргийн сүлдэнд тусгалаа олжээ. Ардчилсан хувьсгалын дараа Нийслэлийн Октябрийн район Баянгол дүүрэг хэмээн нэрлэгдэх болсон. 1992 оны байдлаар Улаанбаатар хот 500 000 хүн амтай, харин 245 000 нь Баянгол дүүрэгт оршин суудаг байжээ. Хэт том гэж шүүмжлэгдсэн Баянгол дүүргийг 1, 10-р хорооллоос бүрдсэн , 3,4-р хороолол болон төмөр замын хорооллыг нэгтгэсэн, Баянхошуу, Толгойт, Зүүнсалааг багтаасан гээд 3 дүүрэг болгон хуваах төлөвлөгөө тэр үед бий болжээ. Гэтэл 3 дахь дүүрэг нь дан гэр хорооллоос бүрдэх болчихоод байсан учир Баянгол дүүргийн дорно хэсгийг таслан авч 1992.10.01-нд Сонгино дүүргийг байгуулжээ. Анх дүүрэг Сонгино дүүрэг хэмээх нэртэй байсан агаад Сонгино хайрхан дүүрэг болгохын тулд нэлээдгүй хөөцөлдсөн бөгөөд улсын Ерөнхийлөгчийн туслалцаа ч орж байжээ.
Сонгинохайрхан уул
Нийслэлийн баруун хэсэгт орших Сонгино хайрхан уул нь домог түүх ихтэй, хад цохио асга ихтэй гурван шовх оргил нь холоос сүр бараатай үнэхээр биширмээр сүрдмээр харагддаг, Туулын хөвөө дагуу тогтсон үзэсгэлэнт сайхан уул билээ.Энэ уулыг хөх чоно хөлөглөсөн өвгөн савдагтай догшин хайрхан гэдгээс гадна зарим хөгшид хөх бух унасан хөх өвгөн савдагтай гэж хэлцдэг. Хайрхан уулын савдагаас цэрэгт мордох, дайн байлдаан зэрэг хатуу үйлийг эрхлэхээр мордож байгаа хүн өөрийн биеийг даатган, сүсэглэн залбиран хүсэхэд ямар нэг гай зэтгэрээс авардаг, хүсэл түргэн бүтдэг хэмээн эрт дээр үеээс ард олон маань сархад идээнийхээ дээжийг өргөн гуйн мөргөж шүтэж ирсэн бөгөөд энэ уламжлал заншил одоо ч хэвээрээ сүү, сархад, идээнийхээ дээжийг өрсөөр байгаа билээ.
Хайрхан уулын энгэрийн хөх асганд зэрлэг улаан сонгино их ургадаг байснааас сонгонит хайрхан суюу Сонгино хайрхан хэмээн нэрлэжээ. Сонгино хайрхан уулыг нэн эртнээс тахин шүтэж ирсний ул мөр том жижиг олон овоо тахилга бий.
Хайрхан ууланд галт хар үнэг байдгаас ямар ч цастай өвөл тэр болгон цас тогтдоггүй гэж ярьдаг.Сүүлнийх нь үзүүр цав цагаан, тас хар жижигхэн хар үнэгийг үзсэн гэх хүмүүс мэр сэр байдаг ба тэр бүрт хүнд харагддаггүй.Сонгино хайрхан уулын салбар ууланд тарвага, зурам, үнэг, хярс, мануул, туулай, чоно байдгаас гадна зудтай жил буга, гөрөөс, аргал, янгир, шилүүс нүүдлэн ирж нутагладаг байжээ.
Мөн төрөл бүрийн жигүүртэн сойр, ятуу, ууль, шар шувуу, том хүрэн тас байсан ба Монголын Шувуу Ажиглагчдын Клубынхэн 2008 оны 03 сарын 16-ны өдөр ангир, харцага, хар хэрээ, хон хэрээ, алаг шаазгай, хан бүргэд, начин шонхор, улаан хошуут, хээрийн бор шувуу, оронгийн бор шувуу, хөхвөр тагтаа, алагтуу, шоорон алаг болжмор, шар хөмсөг хөмрөг шувуу байгааг ажиглан харснаа өөрийн Монголын Шувуу Ажиглагчдын Клуб сайтнаа тэмдэглэсэн байна.
Бөхөг, түргэний голын нийлэх уулзвараас дээхнэ Сонгино хайрхан уулын баруун үзүүрт Туул голын урьд дэнж дээр эртний хотын туурь байдаг. Энэ хотын туурийг Монголын нууц товчоонд хэд хэд дурьдсан Хэрэйдийн Ван хан Тоорил хааны зуслан, Туулын хар шугуйд доод нийслэлийнх нь туурь гэх ба хожим Чингис хааны бага хатан Хулан хатны ордон болсон гэж зарим түүхчид үзжээ.
Туул голын хойд биед Хайрхан уулын баруун үзүүр цовхордог цохионы дээд ам бурхант уулын зүүн хойд дахь булаг, Булгат хайрханы хажуугийн Дадар Сэвлэг уулын энгэр хавьд эртний хиргэсүүр булш олон бий. Дадар уулнаас XII-XIII зууны Чингис хааны үед хамаарагдах язгууртны булш олдсон.
Сонгино амралтын хойд дахь Баяр толгой, Өлзийт толгой, Ухаатолгой, хэмээх гурван дэнжийг нилээд хожуу хойт дэнж гэж нэрлэх болжээ.Баяр толгой хэмээх дэнж дээр 2 жижигхэн сүм бурхан багшийн найман суврага байсныг хэлмэгдүүлэлтийн үед нураасан түүхтэй. 2-р богдын багш хамбын өвөлжиж байсан өвөлжөө нь Сонгинохайрханы энгэрт бий. Овоо тахилгын шүлэг дууллалыг агуйн лам хэмээх Лувсанпэрэнлэйжамц зохиосон гэдэг юм билээ. Гучаад оны алдаа завхрал, хэлмэгдүүлэлтийн үед хүрээний бурхан тахил, ном судрыг дунд хайрханы нэгэн агуйд нуусан гэх яриа байдаг.
Туул голын урьд морин давааны ард 1915 онд Богд хаант Монгол улсын засгийн гаазар, Оросын хаант засагтай байгуулсан гэрээний дагуу Түшээт хан, Засагт хан, Цэцэн хан аймгийн мал сүргийг эрүүлжүүлэх эм бэлдмэлийн үйлдвэр байгуулсан байна.
Сонгино амралтын урьд байгаа таван эцэг малын бий.Аргал, янгирын барималын хавьд хэсэгхэн товгор газарт байшингийн туурь байх бөгөөд энэ нь оросын малын эмч нарын хувийн байшингийнх, сүүлд энэ байшин орос сургагч, мэрэгжилтэн нарын хүүхэд саатуулах цэцэрлэг болсон түүхтэй.
Догшин хайрхан уул гэж тахин шүтэж ирсэн учраас ан амьтад нь хүрдэггүй байгалийнхаа унаган төрхөөрөө саяхан хүртэл байсан уул юм.Энэ хавь битүү бургасан шугуй байлаа.Гэвч үүнд одоо итгэхэд бэрх болсон.Бидний үеийн хүмүүс эх дэлхийтэйгээ хэрхэн харьцаж, амьдрах орчноо уул, ус, модоо хайрлан хамгаалах сэтгэлгүй хандаж байгааг харуулах жишээ болж байгаад сэтгэл өвдөж, зүрх шимширнэ.Үүнд бас дэлхийн дулаалал нөлөөлж байгаа ч хүн бидний унаган байгаль дэлхийдээ хатуу ширүүн харьцсанаас болсон шүү гэж бодохоор санахааар өөрийн эрхгүй харуулсал төрөх нь үнэхээрийн гунигтай.
Морин даваанд Туул голын урьд Хаант Оросын малын эм бэлдмэлийн үйлдвэрийг 1923 онд Ардын засаг худалдан авч, маршил Х.Чойбалсангийн нэрэмжит мал тарилга үйлдвэрийн газар болж байгаад 1950-иад оноос Биокомбинат болон хөгжсөн түүхтэй.
Сонгино амралтын хавь газрыг өгөөмрийн шар тал буюу өгөөмрийн шар тохой гэж янз янзаар нэрлэж байжээ.Чингис хааны алтан ураг, Түшээт хан Чухандоржийн хүү Дархан чин ван Дондовдоржийг нутаглаж байх үед II Богд Жавзан дамба Лувсан домби дамби мэндэлсэн хэмээн түүх шашдирт тэмдэглэн бичигдсэн гэдэг байна.
Сонгино хайрхан уулын бэлд орших ҮЭ-ийн Сонгино амралт нь 1948 онд анх 10-н гэртэй, арваад ажилтантай ажиллаж эхэлсэн, манай улсын ууган амралтын нэг юм. Түм бужигнаж байсан, энэхүү амралт нэгэн үе мартагдах шахсан амралтаа өнөөдрийн МҮЭ-ийн удирдлага хамт олон сэргээн засаж, үйлчилгээг нь өргөжүүлж байгаад үйлчлүүлэгчид түүний дотор ахмадууд өндөр сэтгэгдэлтэй байгааг энд дурдахад таатай байна.
Морин даваанаас түргэний гол, шувуун фабрик, бөхөг хүртэлх нутаг нь өвөлдөө хүйтэн салхитай, зундаа сэвэлзүүр салхитай, элсэрхэг алтан харгана ургасан, бөхөг түргэний ар хөндийд арвай их тарьдаг байсан гэлцэдэг.Эрт дээр үеэс тариа тарьж байсны үлдэгдлийг батлах чулуун тээрмүүд их олдог байсан ба Бөхөг түргэний сав бол тариа ногоо тарихад тохиромжтой газрын нэг гэж үзэж ирсэн, одоо төмс хүнсний ногоо, нарийн ногоо ихээр тариалж байгаа газрууд байгуулагдан нийслэлийнхэний хэрэгцээнд нийлүүлж баййна.Мөн чацаргана суулгах, тарих, мод үржүүлэгийн гэх аж ахуйн газрууд ажиллаж байна.
Сэтгэгдэл (2)