Тавдугаар сарын 2-ны өдрийн 10:00 цагт Сөүл хот дахь Дээд шүүхийн байранд Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч асан Пак Гын Хе-д холбогдох хэргийн шүүх хурал шүүх хурал болох юм байна. Энэ талаар “Yonhap” агентлаг мэдээлжээ. Хэвлэлд мэдээлснээр, прокурор түүнийг 59.2 тэрбум воны авлига авсан хэмээн буруутгаж буй билээ.
Одоогоор анхны шүүх хуралд Пак Гын Хе өөрийн биеэр оролцох эсэх нь тодорхойгүй байгаа аж. Түүнийг бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-тэй хамтран Солонгос улсын томоохон группуудыг дарамтлан, сайн санааны санд мөнгөн хандив өгөхийг шаардаж, хандивын мөнгөнөөс хувьдаа завшсан хэмээн шалгаж эхэлсэн.
Мөн тухайн үеийн Соёл урлагийн яамны сайдтай хамтран уг салбарт ажилладаг уран бүтээлчдийг улс төрийн үзэл баримтлалаар нь ялгаварласан жагсаалт гаргах үүрэг өгсөн зэрэг гэмт хэргийн 13 зүйл ангиар буруутгаж буй юм. Түүний хоёр өмгөөлөгч "Пак Гын Хе-д өнөөг хүртэл хууль бусаар олсон ямар нэгэн орлого байхгүй. Бид түүнийг буруутгаж байгаа бүх хэргийг эсэргүүцнэ” гэж хэлжээ. БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хе тун удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөс эрс татгалзсан байна.