“Монголиа Опен-2017” олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 29-30-нд “Буянт-Ухаа” спорт ордонд болж өндөрлөлөө. Долоо дахь удаагийн тэмцээнд Монгол, Канад, ОХУ, Казахстан, Венесуэль, БНХАУ, БНСУ гэсэн долоон орны 182 тамирчин (эрэгтэй 107, эмэгтэй 75) эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд хүч үзэв.
Манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 74 кг-д Д.Гомбодорж, 86 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Г.Отгонжаргал, 55 кг-д Э.Даваачимэг, 58 кг-д Э.Гантуяа, 60 кг-д А.Батцэцэг, 63 кг-д П.Орхон, 69 кг-д Ш.Түмэнцэцэг нар жин тус бүртээ аваргалсан юм.
Арван алтан медалиас гадна Монголын бөхчүүд зургаан мөнгө, 16 хүрэл медаль хүртсэн. Харин манай хойд хөршөөс Буриадын гурван залуу (С.Терешенко, Е.Жербаев, Б.Цыжипов), Москвагийн нэг бүсгүй (В.Чепсаракова) алтан медаль зүүсэн. Тэднээс буриадын хүнд жингийн шилдэг бөх сүүлийн гурван жил дараалан “Монголиа Опен”-д аваргалаад байна. ОХУ-ын Красноярскоос гурван бөх Улаанбаатарын дэвжээнд зодоглож, бүгд медаль хүртсэн. 65 кг-ын жинд барилдсан цэргийн ДАШТ болон залуучуудын Европын аварга тува бөх Начын Куулар эрэмгий, зоримог барилдаанаар Монголын үзэгчдийг баясгав. Энэ удаагийн "Монголиа Опен"-д хойд хөршөөс өргөн бүрэлдэхүүнтэй, чамгүй хүчирхэг баг тамирчид манайд зодоглосон. Ялангуяа ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн 10 гаруй тамирчин ирснээс ердөө нэг нь аваргаллаа. Түүнчлэн хоёр жилийн өмнө Улаанбаатарын дэвжээнд түрүүлсэн "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт, Казахстаны Эльмира Сыздыкова эхний тойрогтоо ялагдаж, хоосон буцсан юм. Түүнчлэн хамгийн холоос манай оронд хүрэлцэн ирж тамирчдаа оролцуулсан Венесуэль болон урд хөрш БНХАУ-ын бөхчүүд тус бүр нэг жинд аваргаллаа. ӨМӨЗО-ы бөхчүүд “Монголиа Опен” анхдугаар тэмцээнээс хойш жил бүр тамирчдаа илгээдэг ч хараахан түрүүлж амжаагүй явсан. Тэгвэл эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд Чандганацагаан хэмээх бүсгүй аваргалж, нүүр бардам нутаг буцав.
Энэ жилийн “Монголиа Опен”-д олон онцлох сонирхолтой барилдаанаар дүүрэн болсон. Өмнөх зургаан тэмцээнд “босоо” байсан гавьяат тамирчин Г.Мандахнаран анх удаа тахимаа өглөө. Тэрбээр хагас шигшээд энэ жилийн Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээнд түрүүлсэн Евгений Жербаевт оноогоор цэвэр ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд өрсөлдөгчтэйгээ барилдалгүй гар амар ялалт бэлэглэсэн. “Монголиа Опен-2017” ОУТ-д гавьяат тамирчин С.Батцэцэг - ОУХМ П.Орхон, гавьяат тамирчин П.Өнөрбат - ОУХМ О.Үйтүмэн, гавьяат тамирчин О.Насанбурмаа - ОУХМ Ш.Түмэнцэцэг, гавьяат тамирчин С.Ням-Очир - ОУХМ Т.Түвшинтулга гэсэн манай шилдгүүдийн дуэль бөхийн хорхойтнуудыг сэтгэлийг хөдөлгөсөн юм.
Тэмцээний дүн:
Эрэгтэйчүүдийн 57 кг (14): 1. Эрдэнэбатын Бэхбаяр (Монгол) 2. Алдар Бальжинимаев 3. Андрей Гатаулин (хоёул ОХУ), Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Монгол)
61 кг (17): 1. Түмэнбилэгийн Түвшинтулга (Монгол) 2. Ньургун Александров 3. Петр Павлов (хоёул ОХУ), Бямбадоржийн Хаш-Эрдэнэ (Монгол)
65 кг (20): 1. Семен Терешенко 2. Начын Куулар (хоёул ОХУ) 3. Нармандахын Лхамгармаа, Ганболдын Чойгожид (хоёул Монгол)
70 кг (11): 1. Евгений Жербаев (ОХУ) 2. Болдхүүгийн Сүхбат 3. Норовсүрэнгийн Амарсайхан (хоёул Монгол), Алексей Иванов (ОХУ)
74 кг (13): 1. Доржваанчигийн Гомбодорж 2. Бат-Эрдэнийн Бямбадорж 3. Батчулууны Анхбаяр, Занданбудын Сумъяабазар (бүгд Монгол)
86 кг (11): 1. Пүрэвжавын Өнөрбат 2. Оргодолын Үйтүмэн 3. Баатарын Нямбаяр (бүгд Монгол), Педро Себаллос (Венесуэль)
97 кг (13): 1. Хосе Диас (Венесуэль) 2. Өлзийсайханы Батзул (Монгол), 3. Лувсандоржийн Төртогтох (хоёул Монгол), Юрий Белоновский (ОХУ)
125 кг (8): 1. Балдан Цыжипов 2. Мухамагази Магомедов (хоёул ОХУ) 3. Нацагсүрэнгийн Золбоо, Мөнхтөрийн Лхагвагэрэл (хоёул Монгол)
Эмэгтэйчүүдийн 48 кг (16): 1. Валерия Чепсаракова (ОХУ) 2. Жасмин Миан (Канад) 3. Анжелика Фетошкина, Дарья Лексина (хоёул ОХУ)
53 кг (10): 1. Ганбаатарын Отгонжаргал 2. Эрдэнэчимэгийн Сумъяа (хоёул Монгол) 3. Екатерина Поещук, Сталвира Оршуш (хоёул ОХУ)
55 кг (8): 1. Эрхэмбаярын Даваачимэг (Монгол) 2. Нина Менкенова 3. Наилия Абзалова (хоёул ОХУ), Бат-Очирын Болортуяа (Монгол)
58 кг (8): 1. Алтанцэцэгийн Батцэцэг (Монгол) 2. Вероника Чумикова (ОХУ) 3. Баатаржавын Шоовдор (Монгол), Ривас Гонзалес (Венесуэль)
60 кг (7): 1. Энхбатын Гантуяа (Монгол) 2. Юлия Пронцевич 3. Ульяна Тукуренова (хоёул ОХУ), Зоригтын Болортунгалаг (Монгол)
63 кг (9): 1. Пүрэвдоржийн Орхон (Монгол) 2. Бао Лин Лин (БНХАУ) 3. Соронзонболдын Батцэцэг (Монгол), Анжела Фоменко (ОХУ)
69 кг (10): 1. Шархүүгийн Түмэнцэцэг (Монгол) 2. Мариа Агоста (Венесуэль) 3. Очирбатын Насанбурмаа (Монгол), Ксения Буракова (ОХУ)
75 кг (7): 1. Чандганацагаан (БНХАУ) 2. Пүрвээгийн Номин-Эрдэнэ 3. Цэдэндоржийн Баярзаяа (хоёул Монгол), Урангоо (БНХАУ)
Сэтгэгдэл (1)