Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хаягдал эд зүйлээр хөгжимддөг АНУ-ын “Vocal Trash” хөгжмийн хамтлаг Монгол Улсад айлчилж, “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч “Эгшиглэнт чимээ” хамтлагтай хамтарсан тоглолтоо энэ оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа Монголын үзэгч олонд толилуулжээ.
Энэхүү хамтарсан тоглолт нь дэлхий даяар дөрөвдүгээр сард тэмдэглэн өнгөрүүлдэг байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх “Эх дэлхийн өдөр” буюу “Earth Day”-д зориулан Монголын залуу, хойч үеийнхэнд эх дэлхийгээ хайрлан хамгаалах, байгаль орчноо цэвэр ариун байлгахын ач холбогдлыг таниулах зорилготой зохион байгуулагдав.
Америкийн “Vocal Trash” хамтлаг нь Техас мужид анх 2001 онд байгуулагдаж, 2014 онд “Worth” сэтгүүлийн “Шилдэг хөгжмийн үзүүлбэр”-ийн шагнал хүртэж байсан байна. Тус хамтлаг нь дэлхий дахинд “Хаяхаасаа өмнө бод” уриан дор хог хаягдлын эсрэг олон нийтэд эерэг нөлөөлөл үзүүлэх зорилготойгоор уран бүтээлээ туурвин толилуулдаг байна.