Нобелийн Энх тайвны шагналт Малала Юсафзай охидод боловсрол эзэмшүүлэхэд онцгойлон анхаарах үүрэг хүлээсэн НҮБ-ын Энх тайвны элчээр томилогдсон байна.
Малала Юсафзай нь Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн хамгийн залуу хүн юм. Тэрээр 2014 онд 17 настай байхдаа энэ шагналыг хүртсэн бөгөөд мөн л НҮБ-ын Энх тайвны элчээр сонгогдсон хамгийн залуу хүнээр тодроод байна.
Өнгөрсөн даваа гаригт НҮБ-ын төв байранд болсон арга хэмжээний үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 19 настай Малалаг хүлээн авч уулзан үг хэлэхдээ “Би физикийн багш байсан хүн... Би энэ дэлхийн хамгийн алдартай оюутантай уулзаж байна. Малала бол баатар төдийгүй өмнөх ажилдаа сэтгэлээ зориулсан өгөөмөр сэтгэлтэй хүн” гэж хэлжээ.