Дэлхийн дуурийн ноён оргил болсон агуу хөгжмийн зохиолч Ж.Вердийн бүтээлээс "Травиата" дуурь Монгол Улсын сонгодог урлагийн тайзнаас үзэгчдэд хүрээд 40 жил боллоо. Ойг тохиолдуулан УДБЭТ-ын хамт олон энэ сарын 15-ны үдэш хүндэтгэлийн тоглолт толилуулах гэж байна.
Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү дуурийн удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, найруулагчаар Ан Ху Вон, ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар, хувцасны зураачаар Г.Оюун нар ажиллаж байна. Харин гол дүр Виолеттад МУГЖ Ө.Уянга, Альфредад Б.Батжаргал, Жермонд МУГЖ Э.Амартүвшин тоглох юм. УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Ө.Уянга нь Монголын найм дахь Травиата юм.
Травиата буюу Виолетта гоо үзэсгэлэнтэй, дур булаам, баячуудын тойрон хүрээлэлд өнгө мөнгөнд ханаж амьдардаг хөнгөн явдалтан ч тун ухаалаг, эдгэшгүй өвчтэй. Ийм сайхан бүсгүйд анхны харцаар дурласан Альфредийн эцэг Жермон гэр бүлийнхээ нэр төрийн өмнөөс хүүдээ Виолеттатай уулзахгүй байхыг сануулахад дурлалдаа шатсан залуу эцгийн үгийг хэрэгсдэггүй.
Тэгэхэд нь хашир өвгөн бүсгүйд учирлаж сэтгэлээ татаж авахыг хүсдэг. Виолетта өвчтэй, удаан наслахгүй байж хайртай хүнийхээ амьдралыг сүйтгэхийн оронд өөрөө нүүр буруулсан нь дээр хэмээн бодсоноос хайргүй дүр эсгэж дотооддоо энэлэн шаналдаг. Ийм ээдрээтэй адармаатай сэтгэл зүрхний харилцааг суут хөгжмийн зохиолч Ж.Верди хөгжмөөр, дуугаар, зүрх зүсэм гунигийн мэт атлаа уярч хайлам аялгуулаг аринуудаар илэрхийлжээ.