Энэтхэгийн Мадхья-Прадеш мужид 4 дүгээр сарын 5-нд төрөлхийн ховор эмгэгтэй буюу зүрх нь гадна талдаа ил гарсан охин төрсөн тухай "Daily Star" сонин мэдээлсэн байна.
Зүрхний эктопи буюу эрхтэн нь ердийн бус байрлалтай төрөх нь туйлын ховор тохиолдол бөгөөд 150 мянгад нэг тохиолддог ажээ. Ийм эмгэгтэй хүүхдийн 90 хувь нь амьгүй төрдөг эсвэл төрснөөсөө хойш ганц хоёр хоноод нас бардаг байна.
Ураг нэг л биш байгааг охины эцэг эх гадарлаад эхо шинжилгээ хийлгэсэн боловч лавшруулан шинжилгээ хийлгэх мөнгө тэр хоёрт байгаагүй аж. “Бид хоёрын анхны хүүхэд ингэж шаналах юм гэж бидний санаанд огтхон ч ороогүй” гэж охины эх ярьжээ.
Эмч нарын үзэж байгаагаар, охины амьд үлдэх магадлал 50:50 хувьтай байгаа аж. Охиныг Дели хотын эмнэлэг рүү шилжүүлсэн ба тэнд Энэтхэгийн анагаах ухааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд мэс засал хийх юм.