Нэрт жүжигчин Жеки Чаны амь нас, эрүүл мэндийг даатгахаар шийдсэн даатгалын аливаа компани аль хэдийнэ дампуурсан байх байсан бизээ. Үүнд гайхах явдалгүй бөгөөд Жеки мэргэжлээрээ ажиллаж ирсэн хугацаанд 3000 орчим удаа бэртэж гэмтжээ. Энэ бүгдийг тоочих боломжгүй нь мэдээж, тиймээс заримынх нь тухай л тогтож өгүүлье.
19 настай шинэхэн жүжигчин бүр 1973 онд зургийн талбайд анх удаа бэртжээ. Ингэхдээ түүнийг нөгөө алдарт Брюс Ли гэмтээсэн байна. Жеки Чан нүхэн гарцны хамгаалагчийн туслах дүрд тоглосон “Луугийн гаралт” киноны зураг авч байх үед Брюс залуу жүжигчний зүүн нүдийг модон саваагаар санаандгүй цохичихсон аж. Аз болоход, бүх зүйл гайгүй өнгөрч, Жеки Чан сохорчихоогүй байна. 1978 он. “Бүргэдийн сүүдэрт дайрагдсан могой” кино. Тулааны зураг авч байхад Жеки нүцгэн гараараа илдийг барьж авчээ. Илд дуураймал байх ёстой байсан ч, яагаад ч юм жинхэнэ байж. Цус гоожиж, ингэхдээ найруулагч нь зохиолын дагуу ийм байх ёстой хэмээн бодож, зургийг үргэлжлүүлэн авсаар байжээ. Мөн тэр 1978 онд “Согтуу мастер” киноны зураг авч байхад эвгүй унаж, өргөөсөн нүдээ гэмтээсэн байна. Тэгээд мэс засал хийлгэхэд ч хүрч байжээ.
1983 он. “Төсөл А” кино, найман метрийн өндрөөс унаснаар таван хавирга хугарч, хамар нь гэмтэж, хүзүү нь хүнд бэртсэн байна. Жүжигчин нэлээд хэдэн сарын турш толгойгоо хөдөлгөж ч чадахгүй байж.
1985 он. “Цагдаагийн академи” кино. Таван давхрын өндрөөс тулгуур модоор эвгүй буусан байна. Жеки Чан золтой л амиа алдчихаагүй аж. Нурууны хоёр нугалам нь хугарч, аарцаг нь гэмтжээ. Орлон тоглогч жүжигчин маань хоёр сар эмнэлэгт хэвтсэн байна. Жеки үлдсэн амьдралаа тэргэнцэр дээр өнгөрүүлэх нь дээ хэмээн олон хүн бодож байжээ.
1986 он. “Бурхны хөө хуяг” кино. Энэ киноны зураг авалт дээр Чан амьдралдаа хамгийн хүнд бэртэл авсан болов уу. Тэр 6 метргийн өндрөөс толгойгоороо унажээ. Ингэснээр гавлын яс нь цуурч, дотуур цус алджээ. Гавлын ясанд нь ялтас бэхлэж, харин түүнээс хойш жүжигчний зүүн чих бараг юм сонсохоо больсон байна.
1993 он. “Эрүүгийн түүх” кино. Жеки хоёр машины хооронд хавчуулагджээ. Энэ харайлт гунигтайгаар дуусч, түүний хоёр хөл нь хугарч, эмнэлэгт гурван сар хэвтсэн байна. Гэвч Жеки зориг мохоогүй бөгөөд эмнэлгээс гармагцаа л шахуу мөн энэ үсрэлтээ давтан хийж, харин энэ нь удаа тэр нь амжилттай болжээ. “Бронкст болсон зодоон” киноны зураг авч байсан
1995 онд Чан зүүн хөлнийхөө шагай, хуруунуудыг хугалсан байна. Зураг авалтыг зогсооход хүрсэн ч, нэг их удаагүй аж. Бий болсон нөхцөл байдлаас гарах гарц олж, гипсдүүлсэн хөлөнд нь оймс өмсгөж, түүнийг кроссовк шигээр буджээ.
2005 он. “Домог” кино. Энэ үеэр Жеки Чан хэд хэдэн удаа азгүйтсэн байна. Тодруулвал, тэр мориноос унаж, нуруугаа сүрхий гэмтээжээ. Харин өөр нэг хэсэгт жүжигчний алгыг жадаар нэвт хатгасан байна. Бэртэл гэмтлийн энэ цөөхөн жагсаалт нь жүжигчний амь нас байнга шахуу дээсэн дөрөөн дээр байсныг ойлгоход хангалттай юм. Гэвч шантрах гээчийг үл мэдэх 63 настай Жеки Чан ажлаа хийсээр л байгаа бөгөөд кинонд тоглохын сацуу буяны ажил хийж, дуу дуулж, цомог гаргаж байгаа гэнэ.