Шведийн нийслэл Стокгольм хотод орон нутгийн цагаар 15:55 цагийн үед ачааны машин явган хүний гарцаар гарч байсан хүмүүсийг дайрсан хэрэг гарсан. Энэ хэргийг Шведийн Ерөнхий сайд дээрх хэргийг халдлага хэмээн зарлаж, хичнээн хүн амиа алдсан нь тодорхойгүй байна. Цагдаагийн газраас гурван хүн амиа алдаж, найман хүн бэртэж гэмтсэн гэж мэдээлж байгаа бол Шведийн радио таван хүн амиа алдсан гэж мэдээлж байна.
Халдлагыг үйлдсэн ачааны машин нь Spendrups компанийн эзэмшилд байдаг юм байна. Тус компанийн мэдэгдэж буйгаар ачааны машин ресторанд ачаа хүргэх замдаа хулгайлагдсан гэв. Хулгайлагдсан ачааны машины жолооч гэмт этгээдийг зогсоох гэж байгаад өөрөө шархаджээ.
Үүнээс гадна Дротнингатан гудамжнаас холгүй "Фридхемсплан" метроны ойр орчимд буудлага болсон байна. Цагдаагийн ажилтнууд дээрх хэргийг шалгаж байгаа бөгөөд халдлагыг үйлдсэн этгээдийн зургийг илрүүлж, эрэн сурвалжилж байна .Халдлага гарсан Стокгольм хотод Монгол Улсын 5000 гаруй иргэн оршин суудаг бөгөөд монгол иргэн өртсөн тухай мэдээлэл байхгүй гэдгийг Стокгольмын Цагдаагийн газраас албан ёсоор Гадаад харилцааны яаманд мэдэгджээ.