Дэлхийн бөхийн холбоо (UWW)-ноос гуравдугаар сарын эрэгтэй, эмэгтэй бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргалаа. Өнгөрсөн сарын чансааг гаргахад Яшар Догугийн нэрэмжит ОУТ, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээн, Унгарын Сомбатхэйд болсон 23 хүртэлх насны ЕАШТ-ийг харгалзаж үзсэн юм. Өмнөх сарын чансаанд багтсан манай улсын эрэгтэй хоёр, эмэгтэй найм, нийт 10 тамирчин ахисан ч үгүй, буусан ч үгүй байрандаа баттай зогссоор байна. Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран зургаад, 74 кг-д гавьяат тамирчин Пүрэвжавын Өнөрбат 17, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа 20, 55 кг-д гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг гурав, ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг 18, 58 кг-д ОУХМ Пүрэвдоржийн Орхон зургаад, 60 кг-д ОУХМ Баатаржавын Шоовдор 15, 63 кг-д гавьяат тамирчин Соронзонбодын Батцэцэг 11, 69 кг-д гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа 10, ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг 16, 75 кг-д спортын мастер Ган-Очирын Уртнасан 18 дугаар байрт бичигджээ.