Ирэх амралтын өдрүүдэд Болгарын Русе хотод Дан Колов болон Никола Петровын нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээн болно. Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, “Алтай” констракшн, “Хангарьд” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, эмэгтэйчүүдийн 55 кг-д залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Арслан” клубийн тамирчин, спортын мастер Бүүвэйбаатарын Хатантуул, 75 кг-д залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, “Арслан” клубийн тамирчин, спортын мастер Бямбадоржийн Цэцэгбаяр нарын гурван тамирчин оролцохоор олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатарын хамт эх орноосоо морджээ. 1962 оноос эхтэй 55 удаагийн тэмцээнд 41 орны 500-аад тамирчин чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүд, сонгомол бөхийн нийт 24 жинд өрсөлдөхөөр мэдүүлэгээ өгөөд байгаа юм. Дан Коловын ОУТ-ий аваргууд 2000 болгар левийн (ойролцоогоор 1000 ам.доллар) шагнал хүртэнэ.