АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүүхэд насаа өнгөрөөсөн Нью-Йоркийн Куинс районд оршдог хоёр давхар байшин 2,14 сая доллароор зарагджээ.
Нийтдээ 185,8 ам.м талбай бүхий уг байшинг 1940 онд Дональд Трампын эцэг Фред Трамп “Жамайка эстейтс” бичил дүүрэгт барьжээ. Уг байшин таван унтлагын өрөө, дөрвөн ванны өрөөтэй, ханын пийшинтэй, мөн өвлийн цэцэрлэгтэй аж.
Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч Майкл Дэвис уг байшинг Д.Трамп Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс өмнө 1,39 сая доллароор худалдаж авсан бол одоо түүнийгээ зарахаар дуудлага худалдаанд тавьжээ. Уг байшингийн анхны үнэ 1,245-1,49 сая доллар байсан бөгөөд худалдан авсан шинэ эзний нэрийг нууцалж байна.
Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Д.Трамп хүүхэд насаа өнгөрөөсөн байшингаа худалдаж авахыг хүсч байгаагаа хэлж байжээ. “Миний бага нас их сайхан өнгөрсөн, би тэр байшинг худалдаж авахыг хүсч байна” хэмээн Д.Трамп 2016 оны 9 дүгээр сард NBC телевизэд ярилцлага өгөхдөө хэлж байв. Байшин зарагдсан талаар Цагаан ордноос ямар нэгэн тайлбар хийсэнгүй.