Монголын хөл бөмбөгийн шигшээ баг герман дасгалжуулагчтай боллоо. Герман улсын иргэн, хөлбөмбөгийн шилдэг мэргэжилтэн Ханс Майкл Вайсс МХБХ-той нэг жилийн гэрээ байгууллаа. Монголын хөлбөмбөгийн холбоо, Хөлбөмбөгийн дасгалжуулагчдын хамгийн өндөр зэрэглэл болох “UEFA PRO” ангилалтай Ханс Майкл Вайссыг гадаадын мэргэжилтнүүдээс ур чадвар, Ази тивд ажилласан туршлагыг нь харгалзан сонгожээ.
Майкл Вайсс 2010 онд дэлхийн чансааны 190-д бичигдэж байсан Филиппин улсын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж 2013 он гэхэд чансааны 127-д хүргэсэн амжилт үзүүлжээ. Тэрбээр Хятадын олимпийн шигшээ багийн туслах дасгалжуулагч, Бурунди улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Японы “J league”, Румын улсын Нэгдүгээр лигийн багийн ахлах дасгалжуулагчаар тус тус ажилласан туршлагатай дасгалжуулагч юм.
Майкл Вайс манай бүх насны ангилал дахь шигшээ багуудын өмнө тулгамдсан асуудалд гарц олох зорилгоор дасгалжуулагчдын боловсролд онцгой анхаарч ажиллах бөгөөд шигшээ багийн дасгалжуулагчдын албыг удирдах юм.