The Beatles-ийн домогт “Sgt Pepper's Lonely Hearts Club Band” цомгийн 50 жилийн ойд зориулсан наадам хавар зуны заагт тус хамтлагийнхны эх нутаг болох Ливерпуль хотод болно. Энэ тухай тус наадмын зохион байгуулагчид мэдээлжээ.
Цомогт багтсан 13 дуугаар 13 соёлын арга хэмжээ эхлэх юм. Эдгээр бүх арга хэмжээ 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 16-ныг дуустал тус хотын Хоуп-стрит гудамж, хоёр цогчин дугана, “Ройяль-Корт” театр, “Сент-Жорж Холпе” концертын танхим, уран зургийн “Тейт” галерей зэрэг газруудад явагдана.
Тус наадамд дүрслэх урлаг, дуу хөгжим, бүжиг, театр, уран зохиолын алдартай төлөөлөгчид болох Америкийн хөгжмийн зохиолч Жон Кейж, АНУ-ын зураач Жүди Чикаго, Британийн зураач Жереми Деллер, Британийн кино зохиолч Фрэнк Коттрелл-Бойс, Америкийн бүжиг дэглээч Марк Морисс нарын зэрэг урлагийн зүтгэлтнүүд оролцох ажээ.
Энэ наадмын хамгийн мартагдашгүй нэгэн мөч бол “Эйнтри” морин тойруулгын газарт цомогт багтсан 6 дахь дуу болох “She's Leaving Home” гэдэг дууг 64 найрал дуучин дуулах мөч юм.
1967 оны 6 дугаар сарын 1-нд анх удаагаа гарч байсан “Sgt Pepper's Lonely Hearts Club Band” цомог нь рок хөгжмийн бүхий л түүхэн дэх хамгийн алдартай цомгуудын нэг гэж зүй ёсоор тооцогддог байна. Уг цомог Британийн хит парадын эхний байрыг 27 долоо хоногийн турш эзэлсэн бол АНУ-д 15 долоо хоногийн турш тэргүүлж байжээ. 2003 онд Америкийн “The Rolling Stones” сэтгүүл уг цомгийг бүхий л цаг хугацааны шилдэг цомгоор шалгаруулж байжээ.