Эразм Роттердамскийн нэрэмжит Нидерландын их сургуулийн Анагаах ухааны төвийн эрдэмтэд хөгшрөлтийн эсрэг бэлдмэлийг хулгана дээр амжилттай туршжээ. “Cell” сэтгүүлд бичсэнээр, уг бэлдмэлийг хэрэглэсэн хөгшин хулганы хатуужил тэвчээр нь эргэн сэргэж, гүйж туулж буй зай нь хоёр дахин уртасчээ.
Түүнээс гадна хулганы үс ноос нь сэргэсэн төдийгүй зарим дотор эрхтэн, тухайлбал элэгний үйл ажиллагаа нь идэвхжсэн нь ажиглагджээ. Судалгааг явуулсан эрдэмтэд хэлэхдээ, энэ бэлдмэл нь бие махбодийн доройтсон эсүүдийг устгадаг гэдгийг онцолжээ. Доройтож муудсан эсүүд нь нас ахихын хэрээр цаашид хуваагдах боломжгүй болж, улмаар бие махбодид хуримтлагддаг учраас шарх эдгэрэх явц удааширч, хавдартай тэмцэх бие махбодийн чадвар алдагддаг байна. Үүнээс гадна, эдгээр эсүүд нь бие махбодийг хөгшрүүлдэг бодисуудыг ялгаруулдаг аж.
Судалгаанд оролцогчдын нэг болох доктор Петер де Кайзерын ярьснаар, туршилтыг 90 настай хүнтэй адил насалсан хөгшин хулганууд дээр нэг жилийн туршид хийжээ. Хулгануудад уг бэлдмэлийг долоо хоногт гурван удаа өгч байв. Эрдэмтний онцлон хэлснээр, хожим нь эдгээр хулгануудын биед эмийн ямар нэгэн гаж нөлөө огт ажиглагдаагүй байна.
Одоо эрдэмтэд хөгшрөлтийн эсрэг бэлдмэлээ хүн дээр туршихаар төлөвлөж байгаа ажээ.
О.Барс