Украины нийслэл Киев хотод 2017 оны тавдугаар сард болох 62 дахь удаагийн “Eurovision” дууны тэмцээнд Оросын уран бүтээлч Юлия Самойловаг оролцохыг хоригложээ.
2014 онд ОХУ-ын өөртөө нэгтгэн авсан Крымын хойгт “хууль бусаар” очиж дуулсан гэх шалтгаанаар түүнийг тус тэмцээнд оролцохыг хориглосон болохыг Украины Аюулгүй байдлын алба мэдэгдлээ.
Өдгөө 27 настай дуучин бүсгүй Самойловагийн хэлснээр, тэрбээр 2015 онд Крымд очиж дуулж байсан аж. Украины Аюулгүй байдлын алба Самойловагаас гадна Оросын 140 гаруй уран бүтээлчийг хар жагсаалтад оруулжээ.
Өнгөрсөн онд Шведийн нийслэл Стокгольм хотод болсон “Eurovision-2016”-д Украины дуучин Сусана Жамаладинова /тайзны нэр нь Жамала/ түрүүлснээр эх орондоо “Eurovision-2017”-г зохион байгуулах эрхийг авчирсан юм. “Eurovision-2017” тэмцээнд 40 гаруй улс орны уран бүтээлчид оролцоно.