БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ 14 цагийн турш прокурорт мэдүүлэг өгчээ. Тэрбээр прокурорын зарлан дуудсаны дагуу өчигдөр өглөөний 09.30 цагт Сөүлийн Прокурорын төв байранд очиж, оройн 23.40 цагт мэдүүлгээ өгч дуусчээ.
Үүний дараа Пак Гын Хэ долоо цагийн турш мэдүүлэгтэй танилцаж, улмаар өнөөдөр өглөө гэртээ харьжээ.
Пак Гын Хэгийг авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан зэрэг 13 хэрэгт буруутгаж байгаа бөгөөд эдгээр хэрэг нь түүний найз Чой Сун Шилийг шалгах үед илэрсэн баримтууд юм.
Эдгээрээс хамгийн ноцтой нь Чой Сун Шил Самсунг компаниас 43.3 тэрбум вон буюу 39 сая ам.доллар авсан хэрэг юм. Самсунг компанийн гурав дахь үеийн залуу удирдагч И Жэ Юун корпорацдаа эрх мэдлээ тогтоохын тулд хоёр салбараа нэгтгэх зорилгоор хахууль өгсөн юм.
Пакыг буруутгаж байгаа зүйл ангиудаар ял төлөвлөх юм бол энэ 45 жилийн хорих ял болно хэмээн хуульчид тооцжээ.
Сэтгэгдэл (1)