Холливүүдын алдарт жүжигчин Жорж Клуни Англи дахь “Sonning's dawning” өндөр настны асрамжийн газарт амьдарч буй 87 настай өөрийн шүтэн бишрэгч эмэгтэйд төрсөн өдрөөр нь баглаа цэцэг барин очиж баяр хүргэжээ.
Тус газрын ажилтнууд Пэт Адамсын төрсөн өдөр болохоос өмнө Клунид илгээсэн захидалдаа "Та хатагтай Адамст баяр хүргэх аваас энэ нь түүний хувьд “мөрөөдлийн бэлэг болно" гэж бичжээ.
Асрамжийн газрын ажилтан Линда Жонс ярихдаа, жүжигчнийг үүдээр инээмсэглэн орж ирэхийг нь хараад хатагтай Пэт Адамс золтой л ухаан алдчихаагүй гэжээ.
“Хатагтай Пэт Адамс өөрийн хайртай жүжигчинтэйгээ уулзаж байгаадаа магнайгаа хагартлаа баярлаж байсан, учир нь Жорж Клуни цэцэг, ил захидал бариад ирж байгаа нь хатагтайд гайхамшигтай сайхан бэлэг болсон” гэж асрамжийн газрынхан ярилаа.