2009 оны 8 дугаар сараас хойш холбоо тасран сураггүй болсон Энэтхэгийн анхны Сарны станц болох "Чандраян-1" одоог хүртэл Сарны тойрог замд эргэлдсээр байгаа ажээ. Америкийн сансар судлалын НАСА агентлагийн мэргэжилтнүүд Энэтхэгийн уг станцаас гадна өөрийн орны Lunar Reconnaissance Orbiter гэдэг зондыг олж илрүүлсэн байна.
“Зондын тойрог замын маршрут нь тодорхой байсан учраас түүнийг олж илрүүлэх нь хялбар байлаа, харин “"Чандраян-1"-тэй бүр 2009 онд холбоо тасарсан байсан учраас эрэн сурвалжлах ажиллагаа амаргүй байсан” гэж НАСА-гийн Тийрэлтэт хөдөлгөөний лабораторийн ажилтан Марина Брозович ярилаа.
"Чандраян-1" станцтай холбоо тасарснаас хойш Энэтхэгийн мэргэжилтнүүд уг аппаратыг Сарны гадаргуу дээр унасан гэж үзэж байв. Гэтэл уг аппарат Сарны гадаргуугаас 200 орчим км-ийн өндөрт эргэлдэж байгаа ажээ.
Дашрамд хэлэхэд, хааш хаашаагаа 1,5 м хэмжээтэй жижигхэн аппаратыг сансрын уудамд хайж олно гэдэг бол тун амаргүй ажил юм. Үүний тулд НАСА-гийн Тийрэлтэт хөдөлгөөний лабораторийн эрдэмтэд шинээр зохион бүтээсэн гараг хоорондын радарыг ашиглажээ.
Сэтгэгдэл (1)