Монголын аялал жуулчлалын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нүүдэлчдийн өвөл” арга хэмжээний хүрээн дэх “Тэмээний баяр- Өвлийн наадам”-ыг “Түмэн Тэмээ-Тэмээн аялалын холбоо” энэ сарын 6-7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Булган суманд зохион байгуулагдлаа. Уг наадмыг дэлхийд ховордож байгаа хоёр бөхт тэмээг өсгөн үржүүлэх, хамгаалах, аялал жуулчлалаас ард иргэдийн олох ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдгаараа онцлог юм. Мөн монголын аялал жуулчлалын салбар дахь хамгийн том ЭВЕНТ болоод байна гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.
Тус арга хэмжээнд Австрали, Франц, Герман, Солонгос, Япон, Англи зэрэг 10 гаруй орноос ирсэн 80 гаруй жуулчид, дотоодын 1500 иргэд оролцжээ. Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд тавдугаар сарын 1 хүртэл морь тэмээний уралдааныг зохион байгуулахгүй байх аймгийн Засаг даргын албан даалгавар гарсан. Гэвч олон жил зохион байгуулан олон жуулчдын хүлээлттэй арга хэмжээний нэг болсон “Тэмээний баярыг” аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцүүлэн зөвхөн Булган сумын хэмжээнд зохион байгуулсан юм.