Дэлхийн хамгийн хүнд биетэй хүн буюу 500 кг жинтэй Египетийн иргэн Эман Ахмед Абд Эл Ати гэх эмэгтэйгийн жин хасах мэс засал амжилттай болжээ. Тэрбээр 36 настай хэдий ч сүүлийн 25 жилийн турш гэрээсээ гараагүй гэж түүний гэр бүлийнхэн ярьж байна. Абд Эл Ати нэгдүгээр сард Энэтхэгт ирснээсээ хойш жингээ 100 кг-аар хассан бөгөөд Мумбай хотын “Саифи” эмнэлгийн төлөөлөгч “Бид түүнийг Египет рүү буцаж нисэх үед жинг нь хэвийн байдалд оруулахыг хичээж байна.
Тэрбээр ирэх хэдэн сарын хугацаанд жингээ илүү ихээр хасах боломжтой” гэлээ. Түүний мэс заслыг бариатрикийн буюу өөхлөх өвчлөлийг анагаах мэс заслын эмч, доктор Муфазал Лакдавала-гийн ахалсан эмч нарын баг хийжээ. Бариатрик мэс заслыг илүүдэл жин нь эрүүл мэндэд нь аюултай болж эхэлсэн өвчтөнүүдэд хийдэг аж.
Ар гэрийнх нь хүмүүсийн ярьснаар, Абд Эл Ати 5 кг жинтэй төрсөн бөгөөд түүнийг төрөлхийн “зааны хөл өвчин”-тэй гэж оношилжээ. Энэ нь шимэгчийн халдварын улмаас гар болон хөл хавдаж, хөөдөг өвчин юм. Түүнийг 11 нас хүрэх үед биеийн жин нь огцом нэмэгдсэнээр цус харваж, хэвтэрт орсон бөгөөд ээж, эгч хоёр нь асардаг аж.