Гэртээ хүнсний содагүй айл гэж бараг байхгүй байх. Гэхдээ түүнийгээ байнга хэрэглэдэг нь хэд бол? Энэ нийтлэлийг бүтнээр нь уншиж дуусаад чи лав хүнсний соданы байнгын хэргэлэгч болох байх шүү.
1. Шүдний оо
Эхлээд танан цагаан, эрүүл шүдтэй болгох хамгийн энгийн бөгөөд эрүүл оог өөрсөддөө бэлтгэцгээе.
Хэрхэн хийх вэ: Нэг удаа шүдээ угаах оотой ойролцоо хэмжээний сода аваад дээр нь устөрөгчийн хэт исэл нэмнэ. Устөрөгчийн хэмжээ нь 10 мл-ээс хэтрэхгүй байхад болох ба эмийн сангуудад зарагддаг байгаа. Үүнийгээ холиход өтгөвтөр цагаан зуурмаг бий болох ба үүгээр шүдээ угаавал танан цагаан болгоно. Гэхдээ байнга хэрэглэвэл шүдний пааланг гэмтээх аюултай учраас долоо хоногтоо 2-3 удаа түүгээрээ шүдээ угаахад хангалттай. Мөн залгиж болохгүй гэдгийг санаарай.
2. Арьсны бохирдлыг гүн цэвэрлэгч
Хэрвээ чиний арьс эмзэгшээд худалдаж авсан цэвэрлэгч чинь тохирохгүй байгаа бол энэ жорыг туршаад үзээрэй.
Хэрхэн хийх вэ: Нэг удаа нүүрээ угаах хэмжээний багахан зуурмаг хийх ба зуурмагны ¼ нь ус ¾ нь сода байхаар хэмжиж нэг саванд хийгээд холино. Үүнийгээ хөвөнд шингээгээд арьсаа арчаад усаар зайлчихна. Уг зуурмагаар нүүрээ угааснаар арьс нь зөөлөн булбарай болж, нүүрэн дээрх батга,бохирдолыг цэвэрлэж өгнө.
3. Үнэр дарагч шингэн
Одоо үед хаанаас л бол хаанаас авж болох олон янзын үнэр дарагчийг бий болохоос өмнө алдарт хүнсний содыг ашиглан онцгүй үнэрийг дардаг байж. Зарим хүмүүст үнэр дарагчийн үнэр хэт хурц санагдаж, дотор муухайрах тохиолдол байдаг шүү дээ. Тэгэхээр чи тийм төрлийн хүн байгаад онцгүй үнэрийг дарах хэрэгтэй байгаа бол үүнийг туршаад үзээрэй.
Хэрхэн хийх вэ: Таггүй шилэн саванд 2 хоолны халбага сода дээрээсээ дурын essential oil буюу эфирийн тосноос 8-10 дуслыг хийгээд сэрээгээр хутгаарай. Эфирийн тосоо хийх төдийд л сайхан үнэр үнэртэх болно. Үүнийгээ таглалгүйгээр хүссэн газартаа тавиад ашиглаж болно.
4. Шампунь
Хэрвээ чиний үс ойр ойрхон тослогтоод, амархан бохирдоод байдаг бол энэ шампунийг ашиглаад үзээрэй. Тослогоос болж үүссэн бохирдолыг нь гүн цэвэрлэж чадна.
Хэрхэн хийх вэ: Өөрийнхөө хэрэглэж байгаа дурын шампуниа ашиглаж болно. Үсээ угаахдаа нэг удаа хэрэглэх хэмжээний шампуниа тасдаж аваад дээрээс нь тал амны халбага сода нэмж хутгахад л шидэт шампунь маань бэлэн болно.
5. Наранд түлэгдсэн арьсыг эмчлэх
Зун бүр арьс наранд түлэгдэх гэдэг асуудал үүсдэг. Арьсаа хурдан эдгээхийг хүсэж байвал үүнийг туршаад үзээрэй.
Хэрхэн хийх вэ: 1 литр цэвэр усан дээр 2 амны хамлбага сода хийгээд хутгана. Бэлдсэн уусмалдаа зөөлөн даавуу базаж аваад л түлэгдсэн газраа тавина. Ингээд даавуугаа хатаад ирмэгц нь ахиж уусмалдаа норгож байгаад тавиад байхад болно. Үр дүнд нь хууларч, холцруутсан арьс байвал хурдан төлжиж, улайж хорсож байвал өвдөлт нь намдах болно.
6. Ядарсан хөлөө амраах жор
Өдөржин гадуур ажил хөөцөлдөөд эсвэл өсгийтэй гуталгай удаан явснаас хөөрхий хөл чинь “салж унах” гэж байна уу? Тэгвэл чамд бас л содатай ус хэрэг болно.
Хэрхэн хийх вэ: Хөлөө угаах халуун бүлээн ус бэлдэнэ. Усан дээрээс 2-3 халбага сода нэмнэ. Мөн дээрээс нь 4-5 дусал эфирийн тос нэмээд хутгана. Энэ усандаа хөлөө дүрээд 15-20 минут болоход л хөл чинь амраад зөөлөн болсон байх болно.