Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг олон улсын уран зургийн үзэсгэлэн Их Британийн Оксфорд хотноо энэ сарын 24-26-ны өдрүүдэд боллоо. Урлаг, соёлын салбарын олон улсын томоохон арга хэмжээний нэг энэхүү үзэсгэлэнд орчин үеийн уран зураачдын төлөөлөл Д.Батбилэг, Т.Отгонбаяр, Д.Түвдэндорж, Ч.Сэндэм, Х.Элбэгзаяа, С.Алтанцоож, О.Одгэрэл, М.Очир-Эрдэнэ, О.Молор-Од нарын уран бүтээлчид Монгол Улсаа төлөөлөн оролцлоо.
Монгол Улсын ЭСЯ-наас Монголын соёл урлагаа дэлгэрүүлж, уран бүтээлчдийг дэмжин тус үзэсгэлэнд оролцуулах ажил 2015 оноос эхэлсэн. Анхны үзэсгэлэнд Монголын уран бүтээлчдийн сор бүтээлүүд олны таашаалд нийцэж, 150 орчим оролцогчийн санал асуулга болон шүүгчдийн үнэлгээгээр тус үзэсгэлэнгийн Best Artist дэд шагналыг хүртэж байв.
Орчин үеийн урлагийн худалдааны төв болсон Британи улсад болдог уг үзэсгэлэнд жил бүр 30 гаруй улсаас уран зураг, уран баримал, гэрэл зураг, үнэт эдлэл, гар урлалын бүтээлүүд дэлгэхээс гадна тэдгээрийг шууд худалдан авах боломж олгодог.
Энэ жил орчин үеийн төрлөөр зурдаг уран бүтээлчийг онцолж байгаа бөгөөд 6000 орчим хүн оролцохоор бүртгүүлээд байгаа аж.