Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж тэргүүтэй Монголын уран бүтээлчид, Манжуур хотын дэд дарга Рэн Гүөфэнээр ахалуулсан тус хотын захиргааныхан, Шанхай хотын Жями компанийн төлөөлөгчид “Дэлхийн Манжуур” төслийг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зуржээ.
Уг төслийн хүрээнд Манжуурт ирэх зун томоохон хэмжээний тоглолт зохион байгуулах аж.
Эл төслийн Монгол талын удирдагчаар найруулагч Ч.Найдандорж ажиллах бөгөөд тэрбээр эн тухай "Тоглолтын зохиолыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар бичсэн. Г.Ган-Очир бүжиг дэглэж, Д.Эрдэнэжаргал ерөнхий зураачаар ажиллаж байна. Монголын талаас 20 гаруй уран бүтээлч голлон тоглож, орон нутгийн жүжигчид туслах дүр бүтээх юм. Тоглолт эртний тэнгэр шүтлэг, бөө мөргөл, аян дайн, нүүдэл, ан ав, хуримын сэдэвтэй. Олон газраас ирсэн жуулчид үзэх учир харилцан яриа оруулахгүй. Өөрөөр хэлбэл үггүй жүжиг гэсэн үг. Үйл явдаыг хөгжим, бүжиг, хөдөлгөөн, дуу авиа, нүүрний хувирал, тайз, гэрлийн шийддээр илэрхийлнэ. Гэхдээ уртын дуу, үндэсний хөгжим, хөөмий гэх мэт язгуур урлагаа мэдээж оруулна” хэмээв.
Сэтгэгдэл (1)