Диана гүнжийн өмсч байсан даашинзуудыг үзэсгэлэнд тавихаар болжээ. Их Британийн хатан хааны гэр бүлийнхэнд ойр байдаг нэгэн буяны байгууллага Дианагийн 25 даашинзыг Кенсингтоны ордонд өнөөдөр нээлтээ хийх үзэсгэлэнд тавих ажээ. Энэ ордонд Диана гүнж олон жил амьдарч байсан юм.
1989 онд хунтайж Чарльзтай Хонконгт албан ёсны айлчлал хийх үеэрээ өмсч байсан цагаан торгон даашинз, 1985 онд Цагаан ордонд хүндэтгэлийн оройн зоог барих үеэр Америкийн кино од Жон Траволтатай бүжиглэхдээ өмсч байсан хөх өнгөтэй хилэн даашинзыг нь мөн үзэсгэлэнд тавих аж.
Диана гүнж 1997 оны наймдугаар сард Парис хотод автомашины ослоор амиа алдсан билээ. Түүний хөшөөг Кенсингтоны ордны цэцэрлэгт хүрээлэнд босгохоор төлөвлөжээ. 20 жил өнгөрсөн хэдий ч түүний туулж өнгөрүүлсэн амьдрал хийгээд загварлаг байдал нь дэлхий даяар хүмүүсийн анхаарлыг өнөө хэр нь татсаар байна.