Азийн 8-р Өвлийн наадам Японы Саппоро хотноо албан ёсоор эхэллээ. Энэ сарын 19-26-ны өдрүүдэд явагдах энэхүү наадамд нийт 32 орны 2000 орчим тамирчид болон албаны хүмүүс оролцож байгаагаараа тивийн хэмжээнд түүхэн дэх хамгийн том өвлийн наадамд тооцогдож байна.
Азийн наадмын нээлтийн ажиллагаа Саппоро хотын бахархал болсон Саппоро Дом цэнгэлдэхэд явагдсан бөгөөд тун удахгүй Японы эзэн хааны ширээг залгамжлах хунтайж Нарухито өөрийн биеэр хүрэлцэн ирж, албан ёсоор нээсэн юм. Ёслолын арга хэмжээнд Азийн Олимпийн Зөвлөлийн ерөнхийлөгч Шэйх Ахмад Ал Фахад Ал Сабах хүрэлцэн ирж нээлтийн үгийг хэлэв. Тэрбээр “Азийн Олимпийн зөвлөл Саппорог өвлийн наадмын “гэр” нь гэж үздэг. Наадам гэртээ эргэж ирсэнд баяртай байна. Та бүхний энэхүү дэмжлэгт маш их баярлаж байна” хэмээн Шэйх Ахмад хэлсэн үгэндээ цохон тэмдэглэсэн юм.
Азийн Өвлийн наадмыг Саппоро хот өмнө нь 1986, 1990 онуудад дараалан зохион байгуулж байсан билээ. Олимпийн бамбарыг 1998 оны Наганогийн олимпийн аварга Масахико Харада асаасан бөгөөд тэшүүрийн төрөлд мөн тухайн олимпод аваргалж байсан Х.Шимизу тэргүүтэй 4 тамирчид буухиалан цэнгэлдэхэд заллаа. Тамирчдын жагсаалаар эхлэсэн нээлтийн ажиллагаа Японы соёлын онцлог, шинэ залуу үеийн эрч хүчийг харуулсан хөгжим, бүжгийн үзүүлбэрүүдээр үргэлжилж, наадмын сүлд дууллыг Японы алдарт Dreams Come True хамтлаг дуулан мини концертоо толилуулснаар өндөрлөлөө.