Обихиро хотноо явагдаж буй тэшүүрийн спортын төрөлд өрсөлдөж буй монголын эмэгтэй тамирчид уралдаанаа дуусгалаа. Эмэгтэйчүүдийн 1500 метрийн зайд өрсөлдсөн залуучуудын олимпийн аварга Б.Сумъяа 2:18.25-ийн амжилттайгаар 16-р байрт орлоо. Энэ зайд нийт 17 тамирчин өрсөлджээ. Эхний гурван байрыг Японы тамирчид эзлэв.
Энэ уралдааны дараа болсон эмэгтэчүүдийн 500 метрийн зайд манай 2 тамирчин өрсөлдсөн. Өнгөрсөн сард Казахстанд зохиогдсон Универсиад наадамд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон ОУХМ А.Зул 42,22 секундын амжилтаар 14-р байрт орлоо. Харин Б.Сумъяа 43,72 секундын амжилтаар 15-р байрт бичигдлээ. Энэ зайд нийт 17 тамирчин өрсөлдсөн юм. Сонирхуулахад энэ төрөлд эхний 4 байрт орсон тамирчид бүгд 500м-ийн Азийн рекордыг эвдсэн бөгөөд Хятадын тамирчин Азийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон ч медаль хүртэж чадсангүй тохиолдол гарлаа.
Эрэгтэйчүүдийн тэшүүрийн 1000 метрийн зайд өрсөлдсөн спортын мастер Д.Гочоосүрэн 1:17,40 секундын амжилт үзүүлснээр хувийн дээд амжилтаа шинэчлэн тогтоож, ОУХМ-ийн болзол хангалаа. Тэрээр энэ амжилтаараа 19-р байрт оржээ.
Энэ зайд өрсөлдсөн манай нөгөө тамирчин болох ОУХМ Я.Зоригтбаатар 1:14,90 амжилтаар 17-р байрт орсон байна.
Энэ төрөлд эхний гурван байрт орсон тамирчид бүгд Азийн рекордыг эвдэж Японы тамирчид алт, хүрэл медалийг хүртэн, Казахстаны тамирчин 2-р байрт оржээ.