УИХ-ын тогтоол, шийдвэрийн дагуу Монгол Улсын иргэн бүр "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн хувьцаа эзэмшигч болсон. Тэгвэл тус компанийг тойрсон асуудлын талаар эдийн засагч Ч.Ганхуяг, хуульч Б.Баяр, уул уурхайн эксперт Л.Наранбаатар нар мэдээлэл хийж, "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн менежмент яг одоогийнх шигээ цаашид үргэлжлээд явах юм бол найман жилийн дараа хаах тухай асуудал яригдана” гэдгийг мэдэгдэж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах тухай өгүүлсэн билээ. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд тэдний энэхүү мэдээллийг ташаа, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл гэдгийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэдний байр суурийг “24VS24” буландаа онцолж байна.
Л.Наранбаатар: "Эрдэнэс Тавантолгой" энэ менежментээрээ явбал найман жилийн дараа хаах тухай асуудал яригдана
УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх явцад Засгийн Газар болон толгой компани болох "Эрдэнэс Монгол" ХХК-ийн зүгээс авч хэрэгжүүлж ирсэн алхамууд нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа болоод энэхүү компанийн менежмент яг одоогийнх шигээ цаашид үргэлжлээд явах юм бол найман жилийн дараа хаах тухай асуудал яригдана” гэдгийг Ч.Ганхуяг, хуульч Б.Баяр, уул уурхайн эксперт Л.Наранбаатар нар мэдээлэв. Энэ талаар Эдийн засагч, уул уурхайн эксперт Л.Наранбаатар “Уул уурхайн ашиглалтын нөөц гэдэг үнэ өртөг, уул геологийн нөхцөл гээд маш олон хүчин зүйлээс хамаарна. Үүнийг ил уурхайн оновчлолын тооцоог хийсний үндсэн дээр хэдэн жилийн хугацаанд, хэдэн сая тонн нүүрсийг үр ашигтайгаар олборлож болох вэ гэдэг тооцоогоор хийнэ.
Тэгэхээр "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн менежмент яг одоогийнх шигээ цаашид үргэлжлээд явах юм бол найман жилийн дараа хаах тухай асуудал яригдана. Нөгөөтэйгүүр төмөр зам, цахилгаан станцаа бариад, уурхайн тоног төхөөрөмжөө цахилгаанжуулж, нүүрсээ баяжуулан өндөр үнээр зарах юм бол зөвхөн баруун, зүүн цанхиас нь 1.4 тэрбум тонн нүүрсийг эдийн засгийн үр ашигтай олборлож болно. Энэ тохиолдолд 68 жилийн нөөцийг ярьж болж байна. Өнөөдөр бид энэхүү зөв менежмент рүү нь шахах ёстой. Учир нь одоо байгаа менежмент нь иргэдэд 1,072 хувьцаа эзэмшүүлсэн нэртэйгээр зургаан жилийн хойно өр хүлээлгэхээр болчихоод байна.
2011 оноос хойш нийт 24.2 сая тонн сайн чанарын нүүрсийг гаргаж зарсан байна. Нийтдээ 453 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдал бий болгож. Нийт өр төлбөр нь 822 тэрбум. Алдагдалтай ажиллаад байгаа учраас алдагдлыг нь нөхөхийн тулд ямар арга хэмжээ авсныг судалж үзэхэд Хөгжлийн банкны зээлээр энэ бүх алдагдлыг санхүүжүүлж иржээ. Нийт өрийн 71 хувь нь Хөгжлийн банкнаас олгосон Чингис бондоос босгосон мөнгө байна. Гэтэл бидний яриад байгаа Чалкогийн өр нь нийт өрийн зөвхөн 1/8 нь л байгаа юм. Бид судлаачийн хувьд болоод 1,072 ширхэг хувьцааг эзэмшиж байгаа иргэний хувьд эрх ашиг зөрчигдөж байгаа учраас энэхүү судалгааг олон нийтэд ил болгож байна. Цаашид бид эрх нь зөрчигдөж байгаа олон иргэдийн өмнөөс зөв менежменттэй үйл ажиллагаа явуулахыг шаардах болно” хэмээн тайлбарласан.
Харин Эдийн засагч Ч.Ганхуяг “Компанийн засаглалтай холбоотой өмчийн харилцааны асуудал үүсээд байна. Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшигч нь болчихсон байгаа компанийн үйл ажиллагаа, нөгөө талаар хувьцаа эзэмшиж байгаа компанийн удирдлагууд хувьцаа эзэмшигчдийн хуралд иргэдийг оролцуулахгүй байх, мэдээлэл өгөхгүй байх зэргээр хуулиар өгөгдсөн байгаа эрхийг нь зөрчиж, Засгийн газрын тогтоолоор 2011 оноос хойш ноцтойгоор хууль зөрчиж ирсэн. Бидний хувьцаа эзэмшиж байгаа байгууллага алдагдалтай ажиллаж, тэрхүү алдагдлаа ард түмэн, татвар төлөгчид, жижиг хувьцаа эзэмшигчид, төрд үүрүүлж байна. Үүнийг бид өнөөдрөөр таслан зогсоох ёстой. Үүнээс гадна хэд хэдэн асуудал үүсч байна. 2011 онд сая төгрөг байсан хувьцаа өнөөдөр сая төгрөгийн үнэтэй юу? Тийм бол тухайн үеийн сая төгрөгийг эдийн засгийн агуулгаар нь авч үзээд өнөөдрийн сая төгрөгөөр сольж болох уу? гэдэг асуудал үүсч байна. Улс төрчдийн харалган буруу шийдвэрээс болоод зургаан жилийн дараа бид ямар их хохирол амсахаар байна. Нөгөө талаас зургаан жилийн дотор хувьцаа эзэмшигч болоод хувьцаагаа ч авч чадалгүй, мөнгөө ч авч чадалгүй бурхан болсон хүмүүсийг яах вэ?
Энэ хүмүүсийн асуудлыг яаж шийдэх ёстой вэ? Тэдний шилжүүлэх, худалдах, захиран зарцуулах эрхийг боогдуулж байна гэх мэтчилэн эдийн засгийн талаас нь авч үзвэл маш олон асуудлууд урган гарч ирж байна” гэв. |
Д.Ариунболд: “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний нөөц нь найман жилийн дараа дуусна гэдэг бол ташаа мэдээлэл
Өчигдөр хийсэн энэхүү мэдээллийн дараа “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хувьцааны асуудлаар Засгийн газрын тогтоолоор ажлын хэсэг томилогдсон аль хэдийнээ ажилдаа орсон. Энэ ажлын хэсэг Сангийн яаман дээр төвлөрч байгаа. Нэн түрүүнд 1,072 хувьцааны бүртгэлжүүлэлтийг дуусгах зорилготой байгаа. Хувьцааны ханшийн асуудал Сангийн яаман дээр төвлөрч байгаа ажлын хэсгийн хийх ажлын хүрээнд хамааралтай сэдэв. Гэхдээ энэ асуудал орхигдоогүй байгаа гэж бодож байна.
Л.Наранбаатарын хэлснээр уурхайн нүүрсний сорчилж аваад байгаа учраас наймхан жилийн дараа нөөцөө барах тухай мэдээлэл бол ор үндэслэлгүй худал мэдээлэл. “Тавантолгой” компани 2010 оны ТЭЗҮ-ийн дагуу л олборлолтоо хийж байгаа. О давхаргын нүүрсэндээ хүрэх болоогүй. Сорчилсон гэдэг бол үндэслэлгүй мэдээлэл. Тодруулбал 2016 онд Эрдэнэс “Тавантолгой” компани 7.8 сая тонн коксжсон нүүрс олборлосон.
Энэ жил 12 сая тоннд хүргэх төлөвлөгөөтэй байгаа. Жилд 10-12 сая тонн коксжсон нүүрс олборлох тохиолдолд Тавантолгойн ордыг дор хаяж 70-80 жил ашиглах тооцоо бий. Энэ бол зөвхөн коксжсон нүүрсний тухайд. Цаана нь 0 давхаргын гэгдэх 1.3 тэрбум тонн нүүрсний нөөц бий. 0 давхаргад хүрэхэд хоёр жилийн хугацаа бий гэдэг тооцоо судалгаа гарсан. Тэр үед Угаах үйлдвэр барьж ашиглалтад оруулах, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх ойрын хугацааны төлөвлөгөөг манай мэргэжилтнүүд боловсруулж байгаа.
Хэдэн жилийн дараагаас Угаах үйлдвэрээ ашиглалтад оруулна. Тэгэхээр Таван толгой нүүрсний нөөц нь найман жилийн дараа дуусна гэдэг бол ташаа мэдээлэл. Таван толгойн ордоос гадна, цаана нь арвин нөөцтэй өөр хэд хэдэн орд бий. Ер нь бол нөөцийн хувьд шавхагдашгүй юм.
Компанийг үр ашиггүй ажилладаг. 100 төгрөг олохын тулд 136 төгрөгийн зарлага гаргадаг гэх шүүмжлэлийн тухайд хэлэхэд “Erdenestt.mn” гэсэн вебсайт дээр манай компанийн бүх мэдээлэл бий. Тэндээс орж үзэхэд нээлттэй. Улирал тутамд санхүүгийн тайлангаа тавьдаг. Шилэн данстай.
Харин өмнөх Засгийн газрын үед Цанхийн зүүн уурхайд 1 шоо метр уулын цулыг 4.3 ам. доллараар олборлох гэрээ хэлэлцээр хийсэн байдаг. Дээрх хүмүүс түүнийг л хэлж байгаа байх. Энэ гэрээ одоо ч хүчин төгөлдөр мөрддөг. Харин Цанхийн баруун уурхайд, 1 шоо метр уулын цулыг 5,900 төг буюу 2.3 ам.доллараар олборлож байна. Бид ажлаа аваад таван cap болохдоо хийсэн гэрээний нэг нь энэ.
Зарим нэгэн балансын өр авлагын тооцоо бий. Түүнээс хамгийн том нь “Чалко”, TTJVCO компанид төлөх өр төлбөр. Бидний хувьд сүүлийн таван сарын хугацаанд нэг тонн нь 28 ам.доллар байсан нүүрсний үнийг 71 ам.доллар болгож өсгөсний дүнд өрөө ихээхэн нимгэлж чадсан. 100 төгрөг олохын тулд 136 төгрөгийн зардал гаргадаг гэдэг бол гүтгэлэг.
Нэг зүйлийг баттай хэлье. “Эрдэнэс Тавантолгой” компани өрөө маш нимгэлсэн. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ойрын гол зорилго бол “Чалко”-д төлөх үлдсэн өр, төлбөрөө бүрэн дарж барагдуулах юм. Нэг зүйлийг баттай хэлэхэд, бид нэг, хоёр жилийн дотор биш, чадвал нэг хоёр сарын дотор “Чалко” болон TTJVCO компанид төлөх өр ширийг барагдуулж дуусгана. Энэ бол манай компанийн үр ашигтай ажиллаж буйн баталгаа болох байх.
|
Сэтгэгдэл (16)