Их Монгол Шаравжамц аваргын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан барилдаанд дөрвөн арслангаар магнайлуулсан гарьд 1, заан 2, харцага 7, начин 31, а.ц.а 69, а.ц.з 23, а.ц.х 42, а.ц.н 55 нийт 224 бөх зодоглон барилдав. 30 гаруй аймгийн начин цолтон багталгүй хасагдав.
Дөрвөн арслан магнайлсан Их Монгол аваргын ойн барилдаанд П.Бүрэнтөгс арслан түрүүлж, Оюунболд арслан үзүүрлэв. Их шөвөгт "хоёр" Пүрэв шалгарлаа. Индэрт Өврийн сайхан хангай нутгийн цуутнууд олноор тухалжээ. Нэг дээр цөөнгүй улсын цолтон өвдөг шороодов. Тэднийг Э.Лхамхүү, И.Мандах, Н.Загархорол, Э.Сумъяабат, Га.Бат-Эрдэнэ, Э.Батхуяг, Г.Баасанжав нарын ноднинхон сумын цолтнуудын барилдаанд бужигнуулж байсан аймгийн шинэхэн начингууд шил даран хаялаа. Ирэх зуны аймгийн наадмын өнгийг тодорхойлох залуус даа. Хоёр дээр Баянхонгорын а.н Г.Жамбалдорж Хангай арсланг ганцхан тахимдаад л гэдрэг нь харуулчихав. А.х Б.Цэдэнсодном нутгийн ах начин Сугаржаргалыг мордоод тэнцвэр алдангуут нь суйлаад хаяв. Харин чөлөөтийн шигшээгийн тамирчин, а.х О.Үйтүмэн залуу начин Дашийн хөлд орж өргөж цацаад давах нь бас л урамтай. Барилдааны дундуур Их Монгол аваргын амьдралын түүхээс харуулсан тоглолт үзүүлсэн нь онцлог агаад сайхан байлаа. Отгон аварга Санжаадамба, олимпийн аварга Түвшинбаяр нар үзэгчийн суудлаас барилдаанаа сонирхов. Батсуурь арслан дөрвийн оноолт дээр а.а Ууганбаярт дахин унав. Дараагийн даваанд Пүрэвсайхан заан Ууганбаярыг амалж хаялаа. Гэх мэтчилэн олон сонирхолтой барилдаан өрнөж, үзэгч олныг баясгав.
Сэтгэгдэл (2)