Дэлхийн оюутны өвлийн спортын Универсиад XXYIII наадам Казахстаны Алматы хотноо 2017 оны энэ сарын 29-нөөс ирэх сарын 8-нд болно. Тус наадамд манай улсаас оролцох багийн бүрэлдэхүүнд багтсан 10 тамирчны нэрс тодорчээ.
Тодруулбал, цанын эрэгтэйчүүдийн ангилалд Б.Ачбадрах, У.Батжаргал, Б.Ариунсанаа, эмэгтэйчүүдийн төрөлд Б.Дэлгэрмаа, Ч.Отгонцэцэг, А.Энхтуул нар эх орноо төлөөлөн “Алтау” спортын цогцолборт хурд, хүч, ур чадвараа сорино. Харин “Медео” цогцолборт болох тэшүүрийн эрэгтэйчүүдийн төрөлд М.Мөнх-Од, Я.Зоригтбаатар, Б.Тулга, эмэгтэйчүүдийн ангилалд А.Зул өрсөлдөхөөр боллоо.
Монголын багийн ахлагчаар МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, цанын дасгалжуулагчаар Ж.Халиунаа, тэшүүрийн дасгалжуулагчаар Ж.Долгорсүрэн нар оролцох юм. Монголын баг тамирчид өвлийн "Универсиад" наадамд анх 1991 оны Японы Саппоро хотноо оролцож байсан бол түүнээс хойш 11 дэх удаагийн өвлийн наадамдаа оролцох гэж байна.