ЖҮЖИГ
Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, Улсын драмын эрдмийн театр үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан “Жаргаагүй нар” жүжгийг өнөөдөр 19.00 цагаас толилуулах гэж байна. Их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн уг түүхэн эмгэнэлт жүжиг УДЭТ-ын тайзнаа амилна. Соёлын гавьяат зүтгэлтэн, эохиолч Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжгийн найруулагчаар Ч.Түвшин ажиллаж, гол дүр Д.Нацагдоржийг жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламыг жүжигчин Н.Баярмаа нар бүтээж байгаа юм.
ДУУРЬ
Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн шинэчлэн найруулсан хоёр бүлэг зургаан үзэгдэлт “Чингис хаан” дуурийг энэ амралтын өдрүүдэд 17.00 цагаас тоглох юм. Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нэгдэл, нөхөрлөл, тэмцэл тулалдааныг уг дууриар үзүүлжээ. Мөн ХIII зууны монголчуудын амьдралыг давхар харуулснаараа онцлог дуурь болсон байна. Чингис хааны амьдралаас сэдэвлэсэн ном, жүжиг зэрэг зуу, зуун бүтээл дэлхий даяар байдаг ч энэ сэдвээр бүтсэн ганц дуурь нь энэ юм. Уг дуурийг анх 2003 онд урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулж байсан бол өнгөрсөн жил ийнхүү шинэчилсэн найруулгатайгаар ардын уран зохиолч П.Бадарч дуурийн цомнолыг бичиж үзэгчдийн хүртээл болгосон билээ.
Сэтгэгдэл (1)