2017 оны 12-18-ны хооронд Казакстан улсын Алматы хотод зохиогдсон Жаутыковын нэрэмжит Олон улсын Математикийн 13-р олимпиадад Ulaanbaatar Empathy сургуулийн Математикийн багш Б.Ганбатын удирдсан сурагчид амжилттай оролцож 1, 3-р байр эзэлж алт, хүрэл медалийн эзэн болцгоолоо.
Тус сургуулийн сурагч Сосорбарамын Цэнд-Аюуш алтан медалийн эзэн болж энэ нэр хүндтэй олимпиадаас анхны алтан медалийг эх орондоо авчирсан бол Баатарын Алтангэрэл хүрэл медаль хүртсэн байна.
Жил бүр зохиогддог энэхүү нэр хүндтэй Олон улсын математикийн олимпиадад гадаад дотоодын нийт 17 баг оролцсоноос Монгол улсаа төлөөлөн Улаанбаатар Эмпати, Орчлон сургууль, 1-р сургууль зэрэг сургуулиуд оролцжээ. Эдгээр оролцогчдоос Улаанбаатар Эмпати сургуулийн алт, хүрэл медалиас гадна Орчлон сургууль 1 хүрэл, 1-р сургууль 1 хүрэл, Баянхонгор аймгийн сургууль 1 хүрэл медаль тус тус авч нийт дүнгээрээ Монгол улс 1 алт, 4 хүрэл медалийн эзэн болсон амжилтыг үзүүлжээ.
Сурлагын амжилтаараа Монгол улсад байнга тэргүүлэгчдийн эгнээнд жагссаар ирсэн тус сургуулийн багш сурагчид жил бүр дүүрэг, нийслэл, улс, олон улсын хэмжээний математик, физик, хими, биологи, мэдээлэл зүй зэрэг олон олимпиад уралдаанд амжилттай оролцон тэргүүн болон шагналт байруудыг эзэлж Монгол улсын нэрийг олон улсад өргөж ирсэн. Байгуулагдсан цагаасаа буюу 1994 оноос 2016 оны хооронд улсын болон олон улсын чанартай олимпиадуудаас нийт 60 гаруй алт, 80 гаруй мөнгө, 90 хүрэл медаль авчээ.
Улаанбаатар Эмпати бүрэн дунд сургууль нь 1994 онд Улаанбаатар Монгол-Туркийн хамтарсан сургууль нэртэйгээр байгуулагдсан бөгөөд тэр цагаас хойш Монгол улсын боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үйл ажиллагаагаараа байнга тэргүүлсээр ирсэн билээ.
Улаанбаатар Эмпати сургууль нь:
-
2004, 2005 онд “Хүүхдэд ээлтэй сургууль”,
-
2004 онд “Өсвөр үе, боловсролд хөрөнгө оруулагч байгууллага”,
-
2007 онд БҮТ-ийн “Шилдэг үнэлгээтэй сургууль”,
-
2008 онд “Дүүргийн тэргүүний сургууль”,
-
2008 онд “Топ Менежменттэй 20 сургууль”,
-
2009 онд “Нийслэлийн тэргүүний сургууль”
-
2010 онд БҮТ-ийн “Шилдэг үнэлгээтэй сургууль”
-
2012, 2013 оны “BEST OF MONGOLIA” цахим санал асуулгад шилдэг дунд сургууль
-
2015 онд BID буюу Business Initiative Directions байгууллагаас “Дэлхийд чанарыг эрхэмлэгч байгууллага”
-
2016 онд Улаанбаатар хотын Химийн олимпиадын “Аварга сургууль“-иар тус тус шалгарсан амжилттай.
Улаанбаатар Эмпати сургууль нь 12 жилийн сургалттай сургууль бөгөөд сурах эрхэм хүсэлтэй сурагчдын авьяас сонирхлыг хөгжүүлж, сурагчдад судалгаа, дадлага туршлагад суурилсан онолын өргөн мэдлэг чадвар олгодог сургууль юм.
Сэтгэгдэл (1)