Энэ сарын 20-нд “Уулзахын хүслэн” хэмээх утга учирын сайхан нэртэй уран бүтээлийн тоглолтоо сонсогч түмнээ өргөн барих гэж байгаа дуучин Х.Мөнгөнцэцэг олны хараанд “овжин” ихээр өртөх болжээ. СУИС-д МУГЖ, дэд профессор М.Найдалмаа багшийн удирдлага дор таван жил суралцан төгсөж өдгөө СУИС-аас “чанартай бүтээгдэхүүн” гардаг гэдгийг батлан яваа түүний олон сайхан дуунуудын дотроос “Номин талст” хамтлагийн дуучин, СТА Т.Дэлгэрмөрөнтэй хамтран сэргээн дуулсан “Хайрын дээд хань минь” дуу сонсогч түмний сонорыг мялаан машид сайн үнэлгээ авсан билээ. Х.Мөнгөнцэцэгийн хувьд Монголын нийтийн дууны урлагт чимэг нэмсэн өв тэгш бүсгүй гэдгээрээ ид гялалзаж яваа уран бүтээлч юм.
Түүний тоглолтод мэргэжил нэгт нөхөд болон ойр дотны хүмүүс нь бүхий л бололцоогоороо дэм өгч байгаа бөгөөд дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудаснаа, “Дуунд дуртай урлагт хайртай түмэндээ миний бие Мөнгөнцэцэг дуучин дүүгийнхээ "Уулзахын хүслэн" тоглолтыг үзэн сонирхож шүүн тунгаахыг санал болгоё. СУИС-ийн мэргэжлийн дуулаачын ангийг онц сайн дүүргэж төгссөн энэ эрхэм хөөрхөн дуучин дүүгээ онцолж, миний бие "Хайрийн дээд хань" дуугаа хамтран дуулсан нь учиртай. Энэ гайхамшигт увидасыг хэрхэн хөглөхөө би түүний тайзан дээр харуулнам зээ.Түүний хоолойн чадал цар хүрээг та бүхэн минь Монгол бүсгүйн гоо үзэсгэлэнтэй хослуулан тольдож хүлээн авж сонордоорой. Говь-Алтайгаас ургасан цуурай Монголоо чимэх болтугай” хэмээн халуун дулаан сэтгэлийн үгээ нийтлэжээ.
Сэтгэгдэл (17)