Иран улсад жил бүр болдог Тахтийн цомын төлөө уламжлалт олон улсын “Алтан Гран-При” тэмцээн 37 дахь удаа Мешхед хотод энэ сарын 18-20-ны өдрүүдэд болох гэж байна. Тэмцээн эрэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдаан, ираны үндэсний “пахлавей” барилдаан гэсэн 3 төрлөөр хувийн болон багийн тэмцээн хэлбэрээр болно.
Манай бөхчүүд тус тэмцээнийг сүүлийн хоёр жил өнжөөд энэ удаа оролцох гэж байна. 57 кг-ын жинд Содномдашийн Батболд /”Сүлд” спорт хороо/, 61 кг-ын жинд Төмөр-Очирын Тулга /”Арслан” клуб/, 65 кг-ын жинд Нармандахын Лхамгармаа /”Алдар” спорт хороо/, 70 кг-ын жинд Даваацэрэнгийн Хатанбаатар /”Арслан” клуб/, 74 кг-ын жинд Болдхүүгийн Батсүх /”Хасу-Мегастарс” клуб/, 86 кг-ын жинд Баасанцогтын Өлзийсайхан /”Хасу-Мегастарс” клуб/, 97 кг-ын жинд Өлзийсайханы Батзул /”Хүч” спорт хороо/, 125 кг-ын жинд Энхбаатарын Төгөлдөр, /”Хасу-Мегастарс” клуб/ нар барилдана.
“Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, ҮБТДС-ийн багш, докторант Ц.Баярсайхан нар дасгалжуулагчаар, Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч, олон улсын шүүгч Ю.Батсайхан шүүгчээр оролцоно.
2014 онд манай бөхчүүд оролцоход олон улсын хэмжээний мастер Б.Номин хүрэл медаль хүртсэн байна.
Манай бөхчүүд тус нэр хүндтэй тэмцээнд 1967 оноос оролцож Д.Сэрээтэр, Т.Артаг нар мөнгө, С.Сүрэнжав, Ц.Нацагдорж,, Х.Баянмөнх нар хүрэл медаль хүртэж байснаас хойшхи хугацаанд олон улсын хэмжээний мастер Ч.Батбадрал 1991 онд, Гавьяат тамирчин Б.Наранбаатар 2004 онд алтан медаль авч байжээ.