Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 2017 оны эхний тоглолтоо хүүхдийн сонгодог урлагийн боловсролд зориулан тоглох гэж байна.
Тодруулбал, ДБЭТ-ын тоглолтын 54 дэх улирлын хүрээнд хийж буй цуврал ажлуудын нэг болгож Л.Мөрдорж “Хөхөө намжил” дуурь буюу хүүхдийн тоглолтын хөтөлбөрийн нээлтийн тоглолтыг өнөөдөр буюу энэ сарын 7-ны 17.00 цагт ганцхан удаа тоглох аж.
Тэд “Сонгодог урлаг хүүхдийн боловсролд” уриан дор Монголын үндэсний түүхэн дуурийг тоглох аж. Сонгодог урлагийн үзэгчдийг багаас нь бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд эхний тоглолтоо монголын үндэсний өв, соёлын нэгээхэн хэсэг морин хуурийн домгоос сэдэвлэсэн Монголын сонгодог бүтээлээр ийнхүү нээхээр болжээ.